logo
З.Энхболд: ИТХ Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхээ эдлэх цаг боллоо

З.Энхболд: ИТХ Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхээ эдлэх цаг боллоо

2013/02/07
УИХ-ын дарга З.Энхболд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Сезин Синаноглу, Засаглалын багийн ахлагч Ц.Даваадулам нарыг өнөөдөр /2013.02.6/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Парламентыг дэмжих болон Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхжуулах төслүүдийн талаар ярилцлаа.

    УИХ-ын Тамгын газартай хамтарч хэрэгжүүлэх "Парламентыг дэмжих төсөл" нь гурван жилийн хугацаатай гэдгийг хатагтай Сезин Синаноглу энэ үеэр мэдэгдлээ. Төсөл хэрэгжсэнээр Монголын Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш парламентын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаад бодлогын судалгаа хийх, сонгогч болоод УИХ-ын гишүүн хоорондын харилцааг бэхжүүлэх, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн тайланг гаргах, хэрэгжүүлэх, ёс зүй ба сонирхлын зөрчилтэй холбоотой бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах ажлууд хийгдэх юм байна. Түүнчлэн хууль боловсруулах ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, сонирхогч талуудтай нээлттэй хэлэлцүүлэг хийх, иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

    Парламентын тэргүүн "Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхжуулах" төсөлд онцгойлон ач холбогдол өглөө. Аймаг, сумын ИТХ нь Үндсэн хуульд заасны дагуу Засаг даргадаа хяналт тавих эрхээ хэрэгжүүлэхэд энэ төсөл чухал ач холбогдолтой юм байна. УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ “Орон нутгийн ИТХ-ын үйл ажиллагаа ойлгомжгүй явж ирсэн. Уг нь Үндсэн хуульд Засаг даргадаа хяналт тавьж ажиллах эрхийг нь тодорхой зааж өгсөн байдаг. Гэвч Засгийн газрын тэргүүн Засаг даргыг батламжилж, улмаар ИТХ-ыг Хэрэг эрхлэх газар нь удирдаж ирсэн. Ингэснээр  аймаг,  сумын ИТХ ямарч эрх мэдэлгүй, Засаг даргын төсвийн зарцуулалтад хяналт тавьж чаддаггүй байсан. Харин 2013 оны улсын төсөвт орон нутгийн төсвийн эрх мэдлийг хоёр дахин нэмэгдүүлснээр  ИТХ нь Засаг даргынхаа төсвийн зарцуулалтад хяналт тавих, Үндсэн хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхэд яаралтай суралцах шаардлага гарч ирсэн юм. Энэ цаг хугацаатай давхцан НҮБХХ-өөс "Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхжуулах" төслийг УИХ-ын байнгын хороодтой хамтарч хэрэгжүүлэхээр оруулж ирж байгаад баяртай байна. Орон нутгийн ИТХ Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхээ эдлэх цаг боллоо” гэлээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей энэ төслийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатайг ч дурдаж байв.

     Гурван жилийн хугацаанд хэрэгжих энэ төслийн хүрээнд аймаг, сумын шинэ бүрэлдэхүүнтэй  ИТХ хяналтын үүргээ хэрхэн хэрэгжүүлэх, оролцох чадавхийг нь дээшлүүлэх, сургах, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчинг сайжруулах зэрэг цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм байна.

    Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, албаны бусад хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш