Хууль хяналтын байгууллагын шинэчлэлийг хэрхэн хийх, 2010 онд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлагдсантай холбогдуулан цаашид батлан хамгаалах, хүчний байгууллага, тагнуулын байгууллагад ямар шинэчлэл хийх хэрэгтэй вэ гэдэг асуудлууд өнөөдөр зүй ёсоор анхаарал татаж байгаа. Тиймээс уулзалтад оролцогсод эдгээр байгууллагуудын шинэчлэлийг хэрхэн уялдуулах талаар онцлон ярилцжээ.
Уг дугуй ширээний уулзалтын талаар УИХ-ын гишүүн М.Батчимэг хэлэхдээ, “Монгол Улс сүүлийн 20 жил ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэхэд багагүй ололттой ажилласан боловч хуучин социалист орнуудтай харьцуулахад аюулгүй байдлын салбараа яаж ардчилсан нийгэмд зохицуулах, хэрхэн хүний эрхийг дээдэлсэн салбар болгож хөгжүүлэх талаар цогц үйл ажиллагаа явуулж чадаагүй. Монголын ардчиллыг баталгаажуулна гэвэл хүний эрхийг дээдэлсэн, хүнийхээ аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн үзэл баримтлалтай болж, хууль хяналтын, хүчний байгууллагуудын уялдааг сайжруулах шаардлага зүй ёсоор үүсч байгаа юм. Бид НҮБ, Зэвсэгт хүчинд иргэний хяналт тавих Женевийн төв зэрэг олон улсын байгууллагуудаас зэвсэгт хүчин, цагдаа, тагнуулын байгууллагууд яаж ардчилсан нийгэмд зохицсон аюулгүй байдлыг хангадаг болгох вэ гэдэг дээр туршлага судлаж ирсэн. Өнөөдрийн арга хэмжээнд Зэвсэгт хүчинд иргэний хяналт тавих Женевийн төв байгууллагын төлөөлөгчид оролцож байна. Цэргийн байгууллага, цэрэгжсэн байгууллага, хууль сахиулах, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан хүчний байгууллага гэж юу болохыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Бид энэ уулзалт ярилцлагаараа эдгээр байгууллагууд хоорондоо хэрхэн уялдаж ажиллах, яаж аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд дэвшил гаргах, хамгийн чухал нь яаж ардчилсан нийгэмд зохицсон аюулгүй байдлын салбартай болох вэ гэдэг асуултад хариулт авахыг зорьж байгаа юм. Энэ өргөн цар хүрээтай асуудлыг зөвхөн хагас өдрийн уулзалтаар яриад дуусахгүй. Урт хугацаанд, магадгүй одоогийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжиж эхлэх ёстой шинэчлэлийн үндсийг тавьж байна“ гэлээ.