logo
Хууль зүйн байнгын хороо хоёр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Хууль зүйн байнгын хороо хоёр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

2013/02/07

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2013.02.06/ хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Хаягжуулалтын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг байлаа.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. УИХ-ын чуулганы хуралдааны анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонх дэмжсэн зарчмын зөрүүтэй саналыг төсөлд тусгаж, зарим найруулга, дэс дараалал, үг хэллэг, бүтцийн шинжтэй засварыг хийсэн юм. Тухайлбал, УИХ-ын дэд дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хоёр янзаар хийж байхаар төсөлд тусгах санал гаргасан. Үл хөдлөх хөрөнгийг хаягжуулахдаа үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд аймаг, сум, дүүргээр нь илүү дэлгэрэнгүй бүртгэж, харин үл хөдлөх хөрөнгийн байршлын хаяг дээр товчоор бүртгэх нь зүйтэй гэдэг саналыг гишүүдийн олонх дэмжсэн.

Үүний дараа  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. УИХ-аас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлаж, 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан билээ. Уг хуулийг хэрэгжүүлэх Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг шүүгч, прокурор, өмгөөллийн байгууллагын төлөөллийг оролцуулан ажлын хэсэг байгуулан боловсруулжээ.

Төсөлд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль үйлчлэхэд Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу хуульчийн гэрчилгээ авсан хуульчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмыг баримталсан байна. Тухайлбал, Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу хуульчийн гэрчилгээ, түүний өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан хуульчийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаж буй тохиолдолд тус хуульд заасан хуульчаар дүйцүүлэн тооцож, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоор зохицуулав. Ингэхдээ хуульчийн гэрчилгээ эзэмшигч нь хууль үйлчилж эхэлснээс хойш 90 хоногийн хугацаанд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өөрөө тодорхой бүрдүүлбэр бүхий хүсэлт гаргах бөгөөд хуульчдын нэгдсэн бүртгэлд шинээр бүртгүүлнэ.

Дээрх хугацаанд шинээр бүртгүүлээгүй бол Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн дагуу олгосон эрх, зөвшөөрөл хүчингүй болох бөгөөд дахин Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу авахаар зохицуулжээ.

Хуульд тодорхой заасан цаг хугацаанд нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн хуульчийн гэрчилгээгээ хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлд тооцуулан шинэчлэх, үргэлжилсэн сургалт, мэргэжлийн дадлагын хугацааг үргэлжлүүлэн тооцох, Хуульчдын холбоог анхлан зохион байгуулахтай холбоотой зохион байгуулалтын арга хэмжээ, хуульчийн шалгалт ба хууль зүйн сургуулийн магадлан итгэмжлэл хэрэгжүүлэх, өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг шилжүүлэн тооцохтой холбоотой зохицуулалтуудыг тусгасан аж.

Дээрх зохицуулалттай холбогдуулан УИХ-ын дэд дарга С.Баярцогт, “Хуульч бэлтгэх сургалтыг бүхэлд нь шинэчилж байгаа учир хуульчийн бакалаврын зэрэг олгох  тогтолцоог өөрчлөх цаг болсон. Тиймээс дөнгөж дунд сургуулиа төгссөн хүүхдүүдийг хуульч болгох биш бакалаврын зэрэгтэй хүмүүсийг хуульчаар сургадаг тогтолцоотой болох нь зүйтэй” хэмээн санал гаргаж, байнгын хорооны дүгнэлтэд тусгуулахаар тогтсноор хуралдаан өндөрлөлөө.

 

Л.Жаргалмаа

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш