logo
АХБ-аас эрүүл мэндийн салбарын санхүүжилтэд дэмжлэг үзүүлэхээр болов

АХБ-аас эрүүл мэндийн салбарын санхүүжилтэд дэмжлэг үзүүлэхээр болов

2013/02/08

Азийн Хөгжлийн Банк (АXБ) Монгол улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх төслийн хүрээнд эмнэлэг барьж байгуулах, цус сэлбэлтийн аюулгүй байдлыг дээшлүүлэх болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг боловсронгуй болгоход зориулж 55 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийг олголоо

 

АХБ-ны Суурин төлөөлөгч Роберт Шоэлхаммэр монгол хэлээр ярьдаг бөгөөд тэрбээр АXБ-ны тусламжтайгаар барих эмнэлэг нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт баригдах ба өндөр хүчин чадал бүхий оношилгоо, лабораторитай байхаас гадна мэс засал, эх барихын тусламж, үйлчилгээ үзүүлж өвчтөнд хэвтүүлэн эмчлэх болон амбулаторийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэх Олон улсын стандартад нийцсэн дэвшилтэд технологийг нэвтрүүлэх зэрэг төслийн ач холбогдлыг цохон тэмдэглэж, ирсэн зочдод хандан удахгүй болох сар шинийн мэндийг дэвшүүлээд могой жилдээ түвшин амгалан байхын ерөөлийг өргөв.

АХБ-ны Зүүн Азийн Газрын эрүүл мэндийн салбар хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн Клод Бодарт “Монгол улсын хурдацтай хөгжлийг хүн амын бүхий л давхаргад хүртээмжтэй хүргэх гол арга зам бол Монгол улсын эрүүл мэндийн салбарын тогтолцоог сайжруулахад оршино. Монгол улсын эдийн засгийн төлөв байдал нааштай байгаа нь эрүүл мэндийн салбарт хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх улмаар эмнэлгийн тусламж үйлчилгээг чанаржуулж, олон нийтэд илүү хүртээмжтэй болгох боломжийг нэмэгдүүлж байна” хэмээн хэллээ.

АXБ-ны дэмжлэгтэйгээр Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам Цус сэлбэлтийн үндэсний төв барих, Улаанбаатар хотод эмнэлгийн хог хаягдлыг боловсруулах төвлөрсөн байгууламж барьж байгуулах, эмнэлгийн дотоод халдварын хяналт сэргийлэлтийг сайжруулах зорилгоор эмнэлгүүдийг халдвар хамгааллын болон нянсудлалын лабораторийн тоног төхөөрөмжөөр хангах болон Улаанбаатар хотын хамгийн их ядуу иргэдтэй дүүрэгт 260,000 хүн амд хүрч үйлчлэх нэгдсэн эмнэлэг шинээр барьж байгуулах юм.

Эмнэлгийн хог хаягдлын асуудал нь эмэгтэйчүүд ихтэй эрүүл мэндийн салбарын ажиллагсад болон олон нийтийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан томоохон асуудал болоод байна. Шаардлага хангахгүй барилга байгууламж болон тоног төхөөрөмж, эрүүл мэндийн үйлчилгээний ажиллагсадын буруу зан үйл зэргээс шалтгаалан эмнэлгийн дотоод халдварын тархалт их байгаа ба нэн ялангуяа эмнэлгийн ажиллагсадын дунд элэгний B болон C вирусийн халдвар ихээхэн тархсан байна. Эмнэлгийн бохир усны сүлжээ болон бусад дэд бүтэц хангалттай сайн биш байгаагаас үүдэн орчны бохирдол болон нийгмийн эрүүл мэндийн эрсдэл их болж байна.

Эмнэлгийн хог хаягдлын менежмент болон эмнэлгийн дотоод халдварын хяналт, урдьчилан сэргийлэлтийг сайжруулсанаар 13,500 орчим эмнэлгийн ажилчид, тэр дундаа баталгаагүй цус, цусан бүтээгдэхүүнтэй харьцан ажилбар хийн халдварын голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилчид энэ төслийн үр шимийг хүртэх юм. Эмнэлгүүдийн лабораториудийг сайжруулсанаар эмчилгээний аюулгүй орчин бүрдэж эдгээр эмнэлгүүдээр үйлчлүүлдэг 2 сая орчим иргэн эрүүл мэндийн найдвартай үйлчилгээг хүртэх боломж бүрдэх юм.

Дээр хэлсэн Сонгинохайрхан дүүрэгт баригдах эмнэлэг нь эрүүл мэндийн шинэ хуульд заасанчилан 7-оос доошгүй төрлийн мэргэжлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ёстой ба шинээр баригдах энэхүү нэгдсэн эмнэлэг нь бусад 9 дүүрэгт үлгэр болохуйц дүүргийн нэгдсэн эмнэлгийн загвар болно гэж төлөвлөжээ.

АХБ нь Монгол улсын эрүүл мэндийн салбарын хамгийн том гадаадын хөрөнгө оруулагч мөн бөгөөд эрүүл мэндийн салбарыг өөрчлөн шинэчлэх зорилтыг тодорхойлох болон тэдгээрийг хэрэгжүүлэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэдэг. Энэ удаа олгож байгаа зээл нь эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн АXБ-ны өмнөх санаачлага, бодлогын өөрчлөлтүүдэд тулгуурласан байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын ЭМЯ АXБ-ны эдгээр төслүүдийг хамтран санхүүжүүлж байгаа аж.

Манила хотод төвтэй АХБ нь эдийн засгийн хүртээмжтэй өсөлт, байгаль орчинд ээлтэй тогтвортой өсөлт болон бүс нутгийн нэгдлийг хангах замаар Ази болон Номхон далайн бүс нутгийн улс орнуудын ядуурлыг бууруулахын төлөө ажилладаг байгууллага юм. 1966 онд анх байгуулагдснаас нь хойш 67 орон гишүүнээр элссэн бөгөөд үүнд бүс нутгийн 48 орон байна. 2011 онд АХБ-наас нийт 21.7 тэрбум ам долларыг зээл, буцалтгүй тусламж болон хамтран санхүүжүүлэхэд зарцуулсан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш