logo
Мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний талаархи таньд хүргэх зөвлөмж

Мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний талаархи таньд хүргэх зөвлөмж

2013/02/08
Сүү үйлдвэрлэгч: Сүү саах, анхан шатны боловсруулалт хийх үеийн ариун цэврийг сахих, өвчтэй мал, хүнээс дамжин халдварлаж  болох өвчин эмгэгээс хамгаалах замаар баталгаатай сүүг үйлдвэрлэлд нийлүүлэх үүрэгтэй.

Сүү тээвэрлэгч, борлуулагч: Хэрэглэгч эсвэл уйлдвэр хүртэл тээвэрлэх, хадгалах үеийн ариун цэвэр- эрүүл ахуйн шаардлагыг баримталж, ямар нэгэн бохирдуулах эх үүсвэргүй болохыг баталгаажуулах үүрэгтэй.

Сүү боловсруулагч: Сүү боловсруулагч нь чанартай түүхий эдийг үйлдвэрт хэрэглэж түүнийг боловсруулах, савлах, хадгалах, тээвэрлэх үед чанарын чанд хяналтыг хэрэгжүүлж, баталгаатай бүтээгдэхүүн худалдаанд нийлүүлэх хариуцлагыг хүлээнэ.

Хэрэглэгч нь бүтээгдэхүүнийг ариун цэврийн шаардлага хангасан нөхцөлд хэрэглэх, хадгалах, боловсруулахад анхаарч өөрийн эрүүл мэнд амь насыг хамгаалах үүрэгтэй.

Борлуулагч нар юуг анхаарах вэ?

Сүү, сүүн бүтээгдэхүүний цуврал нь MNS:219 “Ундны сүү, Техникийн ерөнхий шаардлага”, MNS:226 ”Зайрмаг, Техникийн шаардлага”, MNS:2842 “Хуурай сүү, Техникийн шаардлага”, MNS:4228 “Малын түүхий сүү. Техникийн шаардлага”, MNS:4229 “Эсэг цагаан идээ. Техникийн шаардлага”, MNS:4230 “Уураглаг цагаан идээ. Техникийн шаардлага”, MNS:4528 “Тослог цагаан идээ.Техникийн шаардлага”, MNS GOST R 51331 “Иогурт. Ерөнхий шаардлага” стандарт болон “Хүнсний бүтээгдэхүүн дэхь бичил биетний зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нд нийцэж байгааг нотлон худалдаа, үйлчилгээнд нийлүүлнэ.

Сүү, сүүн бүтээгдэхүүнийг MNS:5021 “Худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага” стандартын шаардлага хангасан, худалдааны үйл ажиллагааг албан ёсоор эрхлэх зөвшөөрөл, бүртгэлтэй худалдаа үйлчилгээний газарт нийлүүлнэ.

Сүү, сүүн бүтээгдэхүүнийг худалдах, уг бүтээгдэхүүнээр үйлчлэх газар нь температурын тохируулга хийх боломжтой, гадны бохирдлоос хамгаалсан шилэн хаалттай, зориулалтын хөргөлт бүхий тоног төхөөрөмжтэй байна.

Сүү, сүүн бүтээгдэхүүнийг жижиглэн худалдаалах ажилбарыг зориулалтын сав суулга, багаж хэрэгслээр гүйцэтгэж, сав суулга, багаж хэрэгслийг байнга угааж, халдваргүйтгэнэ.

Түүхий сүүг худалдаалахдаа мал эмнэлгийн чиглэлээр төрийн хяналт явуулах эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас түүхий сүүний аюулгүйн үзүүлэлтийг баталгаажуулан олгосон шинжилгээний бичгийг хэрэглэгчдэд танилцуулахаас гадна түүхий сүүг заавал буцалгаж хэрэглэх тухай мэдээллийг хүргэнэ.

Сүү, сүүн бүтээгдэхүүнийг хадгалах нөхцөл, шаардлагыг хангаагүй газарт худалдаалахыг хориглоно.

Хэрэглэх хүчинтэй хугацаа хэтэрсэн сүү, сүүн бүтээгдэхүүн худалдаалахыг хориглоно.

Сүү, сүүн бүтээгдэхүүнийг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хэрэглэгчийн сав, баглаа боодолд савлаж худалдаалахыг хориглоно.

Хэрэглэгч юуг анхаарах вэ?

Сүүн сүүн бүтээгдэхүүнийг зөв сонгон хэрэглэхдээ юуг анхаарах вэ?

Үйлдвэрийн нэр

Шошго

Үйлдвэрлэсэн он сар өдөр

Бараа бүтээгдэхүүний нэр

Сав , баглаа боодол

Зааврын дагуу хадгалж байгааг

Борлуулалтын үнэ

Хэрэв задгай сүү худалдан авах бол өнгө, үнэр, шинжилгээний бичгийг  харах хэрэгтэй               

Мах, махан бүтээгдэхүүнийг худалдаалахдаа:

Зориулалтын хөргөгч, хөргөх төхөөрөмжөөр бүрэн хангагдсан нөхцөлд худалдаална.

Мал, гахай, шувууны мах, дайвар болон хагас боловсруулсан, нөөшилсөн махан бүтээгдэхүүн, өөхөн тосыг нэг ажлын байранд худалдаалж болох боловч төрөлжүүлэн хөргөх төхөөрөмжид хадгалж  худалдаална.

Полиэтилен уутанд жижиглэн савласан бүтээгдэхүүнийг хадгалах худалдаалах явцад гэрлийн шууд тусгалаас хамгаалж  байрлуулна.

ХУДАЛДААНД  ХОРИГЛОХ ЗҮЙЛ:

Түүхий махан бүтээгдэхүүнийг болсон бүтээгдэхүүнтэй нэг дор хадгалж худалдаалах, тэдгээрийн сав, багаж хэрэгслийг  угааж ариутгалгүй  дамжуулан хэрэглэхийг хориглоно.

Түүхий мах, махан бүтээгдхүүнийг хиам болон бусад боловсруулсан бүтээгдхүүнтэй нэг дор тавьж хадгалах  тэдгээрийн сав  худалдаалах багаж хэрэгслийг угааж  ариутгалгүй шууд дамжуулан хэрэглэхийг хориглоно.

Хиамны гадаад байдал, амт, үнэр, шанзны бүтэц, боловсруулалтыг мэдрэхүйн аргаар шалган бүрхүүл хальс гэмтсэн, биелэг байдал алдагдаж хорчийсон, харлаж хөгцөрсөн, эвгүй үнэр орсон хиамыг худалдахыг хориглоно.

Махны өнгө харласан, эвгүй үнэртэй, хуучирсан махыг худалдан борлуулахыг хориглоно

Хиам, өндөг, студень, махан зууш, таташ зэргийг хөргүүргүй, ил задгай нөхцөлд  зарж,  борлуулахыг

ХЭРЭГЛЭГЧ ТА:

Махыг худалдан авахдаа махны шинэлэг байдал, өнгө, үнэр, тээвэрлэлтийн явцад бохирдсон эсэхийг  сайн анхаарах

Хиамны гадаад байдал амт, үнэр, өөрчлөгдсөн гадаргуу гөлгөр бус хорчийсон, гарт наалдамхай байдалтай эсэх

Нөөшилсөн бүтээгдэхүүний лааз хонхойсон, зэвэрсэн, битүүмжлэл алдагдсан, төвийлт үүссэн эсэх,

 Сав, баглаа боодол нь бүрэн бүтэн эсэх, шошгын мэдээлэлд үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа тэмдэглэгдсэн  эсэх

Дайвар бүтээгдэхүүн ангилалт, боловсруулалтын чанар муу, элдэв зүйлээр бохирлогдсон эсэх,

Мах худалдан  авахдаа гарал үүслийг нь гэрчлэх мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээ, махан бүтээгдэхүүнд  шинжилгээний бичиг, дүгнэлттэй эсэхийг тодруулан  шаардах эрхтэй

Үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг зөв сонгон, аюулгүй хүнс хэрэглэх нь хоол хүнсээр дамжих аливааөвчинэмгэгээс Та өөрийгөө болон гэр бүлээ сэргийлэх чухал алхам болно.

 Хүнсний сав, баглаа, боодлын шошгонд тавигдах шаардлага

Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа, боодлын шошго нь дараах мэдээллийг агуулсан байх ёстой

1. Хүнсний бүтээгдэхүүний нэрийг шошгод дараах байдлаар тусгана.

Шошгод хүнсний бүтээгдэхүүний нэр нь ерөнхий биш, тухайн хүнсний зүйлийн мөн

чанарыг энгийн, үнэн зөв илэрхийлсэн байхаар тусгана.

Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын шошгод тухайн бүтээгдэхүүний ердийн эсвэл түгээмэл нэрийг хэрэглэж болох бөгөөд түүний тайлбар нь хэрэглэгчийг төөрөгдүүлсэн байж болохгүй.

Этгээд чамин нэршил, тамга, цутгамал зоос зэрэг худалдааны болон бусад тэмдэг хэрэглэсэн тохиолдолд  ердийн, түгээмэл нэрийг давхар хэрэглэнэ.

Шошго дээр “Эрүүл хүнс”, “Экологийн цэвэр бүтээгдэхүүн” гэх мэт тодотголыг эрх бүхий байгууллагаас тогтоон албан ёсоор хүлээн зөвшөөрсөн дүгнэлтгүй, батламжлан олгосон гэрчилгээгүйгээр бичихийг хориглоно.

2.Хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгчийн талаар дараах мэдээлэл тусгасан байна.

Хүнснийг үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэний нэр, хаяг, савлагчийн дугаарыг шошгод тэмдэглэнэ.

Өөр улсад үйлдвэрлэгдсэн хүнсний бүтээгдэхүүнийг дахин савлаж худалдаанд гаргах нөхцөлд  шошгон дээр импортлосон   улсын нэр болон  савлаж бэлтгэсэн байгууллага, аж  ахуйн нэгжийн нэрийг давхар тусгана.

Хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг өөр улсаас аваад дахин ботловсруулалт хийж бэлэн бүтээгдэхүүн гаргаж байгаа үйлдвэрлэгч уг бүтээгдэхүүний шошго, хаягийг хариуцна.

Барааг савласан он, сар, өдөр, савлагч ба чанар шалгагчийн дугаарыг тэмдэглэнэ.

3.Цэвэр, бохир жин:

Цэвэр жинг “СИ” системээр буюу агууламжийг шингэн хүнс бол эзэлхүүн, хатуу хүнс бол жингээр илэрхийлэх бөгөөд шаардлагатай бол сав баглаа, боодлын хамт жигнэсэн бохир жинг давхар тусгана.

4. Үйлдвэрлэсэн хугацаа тэмдэглэх

Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн хугацааг он, сар, өдрийг тоон үзүүлэлтээр тодорхойлж бичнэ.

5.Хадгалах хугацааг тэмдэглэх :

Хүнсний үйлдвэрлэсэн хугацааг он, сар, өдрөөр тэмдэглэнэ.

Хадгалах хугацааг он, сар, өдрөөр буюу тусгайлан олгосон тоон тэмдэглэгээгээр заах

Доорх нэрийн хүнсний бүтээгдэхүүнд хадгалалтын хугацааг тэмдэглэхгүй байж болно.

-Хальслаагүй, боловсруулалт хийгээгүй түүхий төмс, хүнсний ногоо болон шинэ жимс

            -Төрөл бүрийн болон анхилам үнэрт дарс, ликер

            -Цагаан архи

            -Хүнсний давс / иоджуулаагүй/

            -Цагаан цуу /цууны хүчил/

            -Элсэн чихэр

6.Хүнсний хадгалах нөхцөл, хэрэглэх заавар, тэжээллэг чанар:

Найрлагыг бүрдүүлэгчийг шошгод тэмдэглэх:

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явцад хэрэглэсэн хүнсний найрлага бүрдүүлэгчийг шошго дээр %, жингийн буурах дарааллаар жагсааж бичнэ.

Найрлагыг бүрдүүлэгчийн нэрсийг ердийн , түгээмэл нэрээр илэрхийлнэ.

Хүнсний нэмэлтийг шошгод тусгахдаа улсын стандартаар зөвшөөрсөн нэр хэрэглэнэ.

Зарим хүнсний нэмэлт нь технологийн болон боловсруулалтын зориулалтаар маш бага хэмжээтэй орсон бол орцын жагсаалтад мэдээлэхгүй байж  болно.

Хүнсний бүтээгдэхүүнд технологийн зориулалтаар хэрэглэсэн хүнсний нэмэлтээс  боловсруулалтын явцад ууршдаг бодисыг мэдээлэх шаардлагагүй.

7.Ионжуулагч цацрагаар шарсан хүнсний зүйл

8. Бусад мэдээллийг дараах байдлаар тусгана.

Хүнсний барааны шошгод барааны тээвэрлэлт, хадгалалт, ЭКО болон бусад   анхааруулгыг   олон улсын хэмжээнд хэрэглэдэг тэмдэглэгээг ашиглан тусгана  

Олон улсын ЕAN-UCC системийн зураасан кодын тэмдэглэгээгээр давхар тэмдэглэж болно. Монгол улс барааны нэгдсэн кодын системийг 2004 оноос хэрэглэж эхлэсэн бөгөөд ямар нэг барааны код нь 865 гэсэн тоогоор эхэлсэн бол тухайн бараа монгол улсад үйлдвэрлэгдсэн гэсэн санааг агуулах бөгөөд зарим үед монголд бүртгэгдсэн болохыг илтгэж байж болно. Харин уг барааг үйлдвэрлэсэн улсын нэрийг шошгод заавал дурдана.

Шошгоны мэдээлэл нь ямар ч тохиолдолд хэрэглэгч ойлгоход хялбар, гаргацтай, будаг нь урсахгүй, ил байрласан байна.

Шошгын зарим мэдээллийг  монгол хэлээс гадна аль нэг түгээмэл хэрэглэгддэг болон англи хэл дээр давтан бичиж  болно.

Хүнсний бүтээгдэхүүн давхар савлагдсан бол шошгыг ил харагдахаар байрлуулах ба давхар  тус бүрийг олон улсын кодоор тэмдэглэнэ.

Монгол улсын холбогдох стандарт хангасан хүнсний бүтээгдэхүүний  шошго дээр уг стандартад тохирсныг гэрчилж улсын стандартын тэмдэглэгээ тавина.

Чанарын  баталгаажуулалтад хамрагдан “Үндэсний тохирлын тэмдэг”, гэрчилгээ авсан бүтээгдэхүүний шошгод  энэ тэмдэглэгээ хийж болно.

Шошго дээрх зураг, таних  тэмдэг бичлэг нь шууд буюу шууд бусаар хэрэглэгчийг төөрөгдүүлэх, өөр бүтээгдэхүүнтэй эндүүрэхээр утгатай байж  болохгүй.
 
Хүнс, Хөдөө аж ахуй, Үйлдвэр үйлчилгээний хяналтын газар
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш