logo
Тува иргэд хил зөрчжээ

Тува иргэд хил зөрчжээ

2013/02/08
Хилийн 0245 дугаар ангийн хариуцсан хэсгээр энэ сарын 5-ны өдөр ОХУ-ын талаас Монгол Улсын тал руу 100 орчим тооны бог мал бэлчээрээр хил давсан байна. Хил давсан малаа авах зорилгоор ОХУ-ын талаас Тува улсын Өвөр хошууны Торгалык тосгоны харъяат Тульюш Блак Кара-Оолович хил зөрчжээ. Хил зөрчигчийг саатуулахаар хилчид хоёр цаг гаруй хөөцөлдсөний эцэст барьсан байна. Ийнхүү хил давсан малаа авах зорилгоор Монгол Улсын хилийг зөрчсөн Тува улсын иргэн Тульюш Блак Кара-Ооловичийг ОХУ-ын талд Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн шугамаар мэдэгдэж, буцаан гаргажээ. Мөн Хилийн 0285 дугаар ангийн хариуцсан хэсгээр хоёрдугаар сарын 6-ны өдөр  улсын хилээс 50 орчим метр газарт үл таних хүүхэд явж байсныг хилчид илрүүлэв. Уг хүүхэд нь ОХУ-ын Тува улсын Мөнгөн тайга хошууны Кызыл-Каяа тосгоны иргэн 14 настай Самбар-Оол Эдиский Аучы-Оол бөгөөд мөн хил давсан малаа авах зорилгоор явж байжээ. Түүний хариулж явсан 95 сарлаг хилийн дугаар тэмдгийн чиглэлээр нутгийн гүнд 75  метрт бэлчиж байсныг илрүүлсэн байна. Дээрх хилийн дэглэмийн зөрчлийн талаар ОХУ-ын талтай ХБЭТ-ийн туслахын хэмжээний уулзалт хийж, Монгол Улс, ОХУ-ын хоорондын хилийн дэглэмийн гэрээний дагуу нотломжоор Оросын талд хүлээлгэн өгчээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш