Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн А.Гантамир Үндсэн хуулийн цэцэд хандан УИХ-ын сонгуулийн дахин санал хураалтын ирц 50 хувьд хүрээгүй байхад Сонгуулийн ерөнхий хорооноос Д.Арвиныг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох тухай тогтоол гаргасан нь хууль зөрчсөн тухай мэдээлэл ирүүлсэн байна. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар энэхүү тогтоол нь хууль зөрчөөгүй байна хэмээн үзсэн байна. Цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү ирц гэдгийг юу гэж ойлгож байгаа болон 28 гэдэг нь бүх нийтийн санал мөн үү гэдгийг асуулаа. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар сонгуульд бүх нийтээр оролцож байгаа учраас 28 хувийн санал авахад бүх нийтийн оролцоотой хэмээн үзнэ. Мөн дахин санал хураалтад нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан нь ялах хуультай хэмээн хариуллаа. Үүний дараа “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Энэ төлөвлөгөөг хийхдээ тухайн дүүргээс сонгогдсон гишүүдтэй ярилцах хэрэгтэй. Баянзүрх, Налайх дүүргийн төлөвлөлтийн талаар тухайлбал, Гачууртын Шар хоолой, Тэрэлжийн орчмийн төлөвлөлт ямар байгаа талаар мэдээлэл авмаар байна” гэсэн юм. Энэ асуултад ажлын хэсгийн гишүүн С.Очирбат “Энэ ерөнхий төлөвлөгөөг хоёр жилийн турш хийж иргэд, аж ахуйн нэгжээс санал авсан. Баянзүрх дүүргийн Шар хоолой хөдөө аж ахуйн, Горхи Тэрэлж аялал жуулчлалын бүс болж төлөвлөгдсөн. Гишүүдтэй хамтран ажиллахад бэлэн” гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Цолмон “Улаанбаатар хотын хүн амын хэт өсөлтийг хязгаарлах бодолого байгаа эсэх талаар тодруулахад “Ердийн өсөлтөөр 1,4 сая болно гэж үзэж байгаа. Дагуул хотуудынхаа хүн амыг өсгөх, бүсийн төв хотууыг хөгжүүлж хүн амыг тийш татах ажлыг ярих байх. Улсын хэмжээний нутагшил суурьшилийн тухай баримт бичгийг УИХ-аар хэлэлцэн батлахад энэ асуудал тусгагдана. Бусад хотуудыг хөгжүүлэх эдийн засгийн хөшүүргийг ашиглаж байгаа. Энэ бол ерөнхий буюу орон зайн төлөвлөлт. Мастер төлөвлөгөө гаргахад цаг хугацаа болон нарийвчилсан байгууламж нь тодорхой болно” гэсэн юм. Ингээд байнгын хорооноос дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явууллаа. Санал хураалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Үүрэг зориулалтын бүсчлэл гэдэг нь ямар утгатай болон энд бүхэл мөнгөн дүн тавьсан байгаа санхүүжилтийн хуваарилалтыг хэрхэн хийх талаар асуулаа.
Үүнд ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Дашдорж “Улаанбаатар хотыг суурьшлийн болон үйлдвэржилтийн 9 бүсэд хуваасан. Тухайн бүсийн онцлогоос хамааран нийгмийн дэд бүтцийг нь төлөвлөх болно. 2013 онд багтаан гаргах салбарын мастер төлөвлөгөөний дагуу санхүүжилтийн хуваарилалт хийгдэнэ” хэмээн хариуллаа. УИХ-ын гишүүн С.Баярцогт: Богд хаан дархан цаазат уулын бүсэд явагдаж байгаа бүтээн байгуулалт Улаанбаатар хотын бүсэд хамаарч байгаа юу? Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах хязгаарлахын тулд Эдийн засгийн хөшүүргээс гадна захиргааны арга хэмжээг оруулах ямар арга байна. Улаанбаатар хотоос засаг захиргааны болон их, дээд сургуулийг гаргах замаар шийдэх талаар заалт оруулж болох уу. Өнөөдөр тулгамдаад байгаа асуудлаа шийдээд явахгүй ерөнхий зүйл яриад байвал төвлөрлийг сааруулах асуудал шийдэгдэхгүй гэсэнд “Захиргааны аргаар шийдвэрлэх талаар арга хэмжээ авахын тулд эрх зүйн хувьд асуудлыг нь шийдэж хуулиар зохицуулах шаардлагатай байгаа. Гэхдээ парламентад суудалтай намууд хоорондоо зөвшилцөж зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй байгаа. Нэгэнт баригдсан байшинг нураах тухай биш харин дэд бүтцийнх нь төлөвлөлтөд оролцох шаардлагатай болоод байгаа. Дагуул хотуудыг бий болгох ажлыг яаравчлан эхлэх цаг үе нь хэдийнэ болсон” хэмээн ажлын хэсгээс хариуллаа.
Хот төлөвлөлттэй холбогдсон санхүүжилт болох 25,4 их наяд төгрөгийн тухайд гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Төсөл төлөвлөгөө нь тодорхой гараагүй байхад 25,4 их наяд гэсэн тоо заах хэрэг байна уу. Шаардлагатай хөрөнгийг жил жилд нь батлахаар ерөнхий зааж болохгүй юу" гэсэн бол УИХ-ын гишүүн С.Бямбацогт 2010 онд батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт заасан хуулиудаа оруулж ирэх хэрэгтэй байна. Тухайн үед 18 тэрбум төгрөгийн тодорхой хөрөнгө оруулалтуудыг хөтөлбөрт заасан, гэтэл одоо 25,4 их наяд болоод том хөтөлбөрт зааснаас давсан мөнгөн дүнтэй байгаа нь ямар учиртай болох талаар тодруулахыг хүслээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 25,4 их наяд төгрөг гэдэг нь 20 тэрбум доллар болно. Ирэх 10 жилд ийм хэмжээний эх үүсвэр Монгол Улсын төсөвт бий болж чадах уу? Хотод их суурьшил бий болгох бодлого яваад байгаа юм биш үү хэмээн болгоомжилж байгаагаа илэрхийллээ. Эдгээр асуултад “Энэ хөрөнгө зөвхөн улсын төсвөөс гарахгүй. Харин хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлээд хөрөнгө босгох болно. Тухайлбал, УБ хот үндсэн хөрөнгөө барьцаалан бонд гаргах асуудлыг хуульчлах болно. Төвлөрлийг сааруулах зорилгоор таталцлын бүсийг бий болгох талаар санхүүжилт төлөвлөлт хийж байгаа. Шинэ суурьшлийн бүс бий болгож байсан гадны туршлагыг судалж байгаа. Сумдыг хөгжүүлэх, дэд бүтцийг бий болгох, жижиг дунд үйлдвэрийг дэмжих зэрэг эдийн засгийн хөшүүрэг хэрэглэх болно. Энэ төлөвлөгөө бол “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа ажил. Дагалдаж гарах хуулиудаа уялдуулан гаргах чиглэлийг холбогдох байгууллагуудад өгөөд байгаа" хэмээн ажлын хэсгийн ахлагч Д.Дашдорж хариуллаа.
Харин УИХ-ын гишүүн М.Энхболд “Шинэ суурьшлийн бүсийн дэд бүтцийг улс хариуцдаг. 42 их наяд төгрөгийн хэмжээнд нь хүрсэн санхүүжилтийг тусгах нь зүйтэй. Хөрөнгө оруулалтыг нь хангалттай өгөөд асуудлаа шийдүүлээд хариуцлага асуух хэрэгтэй" гэсэн юм. Ингээд зарчмын зөрүүтэй нийт 4 саналыг гишүүдийн олонх дэмжсэнээр эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж танилцууллаа. Хууль зүйн байнгын хорооноос дэмжигдсэн зарчмын зөрүүтэй хоёр саналаар санал хураалт явуулж гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Хуулийн 4.2 заалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл Хууль зүйн дээд боловсрол олгодог их сургуулийн магадлан итгэмжлэлийн журмыг Боловсролын сайд батлах уу гэсэн асуултад “Хуульч сонгон шалгаруулах журмыг Хууль зүйн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн хийхээр оруулж байгаа. Энэ нь зөвхөн 4-р сарын 15 хүртэлх хугацаанд л үйлчлэх болно. Энэ хугацаанд сургуулийн магадлан итгэмжлэлийн асуудал гарахгүй” хэмээн санал гаргасан УИХ-ын гишүүн Р.Гончигдорж тайлбарлалаа. Ийнхүү Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн дөрөв дэх асуудал Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг байсан юм. Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат танилцууллаа. УИХ-ын гишүүн А.Тлейхан “Алслагдсан бүс нутагт нислэг хийхэд тариф өндөр байдаг. Иргэдийн ачааллыг хөнгөвчлөх талаар тусгасан зүйл байна уу” гэсэн асуултад ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат “Хөнгөлөлт үзүүлэх талаар байнгын хороон дээр яриагүй. Чөлөөт өрсөлдөөнийг дэмжинэ. Хувийн хэвшлийнхэн хямдхан түлш болон менежментийн оновчтой бодлогоор үнээ бууруулах боломж нээлттэй" гэлээ. Харин Зам тээврийн сайд А.Гансүх “Алслагдсан сум, суурин газарт төрийн үйлчилгээг хүргэх төрөөс баримтлах бодлогын хүрээнд зарим татварын болон бусад хөнгөлөлтүүдийг үзүүлэх боломжтой" гэсэн юм. УИХ-ын гишүүн Г.Батхүү “Агаарын тээвэрт чөлөөт өрсөлдөөнийг төрийн хяналтаар үе шаттай хэрэгжүүлнэ гэсэн нь ямар агуулгатай болон АНУ-тай агаарын тээврийг нээлттэй болгох хэлэлцээрийг эхлүүлнэ гэсэн байна. Энэ асуудал өмнө нь яригдаад Монголын талд ашиггүй гэж үзээд буцааж байсан. Энэ дахиад яригдахдаа одоо ямар тооцоо хийсэн бэ хэмээн асуулаа. Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогод 2013-2016 онд агаарын тээврийн салбарыг төрийн хяналтад байлгана, харин 2016-2020 онд арай хөнгөлснөөр чөлөөт өрсөлдөөнд бага багаар шилжинэ гэсэн хоёр үе шатыг заасан байгаа. 2016 он хүртэл төр өөрийн хатуу хяналтад байлгаж хөгжлийн түвшинг ахиулж, энэ салбараа бэхжүүлсний дараа 2016-2020 онд төрийн оролцоо, хяналтыг багасгах болно. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх асуудал агаарын тээврийн салбарт нээлттэй байгаа. 2020 оноос хувийн болон төрийн өмчит компани чөлөөт өрсөлдөөнд нээлттэй орох боломжтой болно гэж үзэж байгаа бол АНУ-тай “Open Sky” агаарын тээврийн хэлцэл хийхэд өнөөдрийн хувьд эрт байна. Харин 2016 оноос хойш энэ талаар судлах болно. Энэ нь манай хувьд дэлхийн тэргүүлэгч орны зах зээлд нэвтрэх боломж бүрдүүлэх сайн талтай гэж үзэж байгаа” хэмээн Зам тээврийн сайд Гансүх хариуллаа.
Ингээд зарчмын зөрүүтэй нэг саналыг хурааж Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа. Дараа нь хэлэлцсэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар гишүүдээс асуулт санал гараагүй бөгөөд Эдийн засгийн байнгын хорооноос анхны хэлэлцүүлгээр батлах санал оруулсныг гишүүд дэмжснээр хууль батлагдлаа.
Чуулганы үдээс өмнөх хуралдааны төгсгөлд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ талаархи Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулсан юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол аймгуудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай сургуулийг байгуулж дотуур байр, эмнэлэг үйлчилгээг нь төрөөс хариуцах талаар тусгасан уу гэсэн асуултад “Аймаг бүрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан төв байгуулахаар тусгасан. Олон улсын туршлагаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг гэр бүл, нийгмийн орчинд нь байлгаж нийгэмшүүлэх нь үр дүнтэй хэмээн үздэг учраас цаашид энэ чиглэлийг барих болно" гэсэн юм. Энэ хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүрээг хэтэрхий хумиснаар сөрөг үр дагавар гарч мэдэхийг гишүүд анхааруулсан юм. Харин ажлын хэсгээс бусад хуулиудад энэ асуудал зохицуулагдсан байгаа учраас тийм асуудал гарахгүй гэлээ. Хуулийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дотоодын рашаан сувилалд явах унааны нэг талын зардал болон эрхийн бичгийн үнийг 100 хувь, асрамжилж байгаа хүний зардлыг 50 хувь, эмчийн магадлагааны үндсэн дээр хийлгэсэн усан эмчилгээний 70 хувийг нөхөн олгохоор боллоо.
Байнгын хорооноос дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналуудыг хурааж гишүүдийн олонх дэмжиж Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиуд батлагдлаа.