Монгол Ардын Намын Удирдах зөвлөл, УИХ дахь бүлгийн хамтарсан хуралдаанаар Хяналтын танхим байгуулах шийдвэрээ албан ёсоор баталгаажууллаа. Эдийн засаг, нийгэм, улс төр, залуучууд, гэр бүлийн асуудлыг хариуцсан таван байнгын хороо, 17 дэд хороотой ажиллах Хяналтын танхим дэргэдээ Ардын танхим нээх юм. Энэ танхимаар дамжуулан өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагаанд иргэдийн тавих хяналтыг сайжруулахын тулд долоо хоног бүр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах аж. Иргэд Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөхийг хүсвэл онлайнаар санал хүсэлтээ илгээж болно. Ингэснээр гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг иргэдийн оролцоотой дүгнэж цэгнэх боломжтой болох юм байна. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшигчийг тодруулахдаа олон нийтийн саналыг сонсох зарчим баримтлахаа Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар өргөтгөсөн хуралдааны дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм. 2012-2016 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрөө Засгийн газар хэрхэн хэрэгжүүлж байгаад Ардын танхим иргэдийн оролцоотой хяналт тавьж, үр дүнг нь нийтэд мэдээлж байх аж.