Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд Ш.Одонбаатар БНИУ-ын төв хэсэгт орших Лацио бүс нутгийн Фрозиноне мужийн Вероли хотын дарга ноён Жүзеппе Д'Онорио-той уулзаж, тус хотод баригдах дэлхийн энх тайван, улс орнуудын эв нэгдэл, нөхөрлөлийн бэлэг тэмдэг бүхий дурсгалын хөшөөнд зориулан Монголын газар нутгийн чулууг хүлээлгэн өглөө. Вероли хот нь МЭӨ 5 дугаар зуунд байгуулагдсан бөгөөд эртний Ромын Эзэнт гүрний анхны хотуудын нэг юм. Вероли хотын захиргаа БНИУ-ын Засгийн газраар уламжлуулан НҮБ-ын гишүүн улс орнуудад хандан өөрийн орны чулууг хандивлахыг хүссэн бөгөөд уг санаачилгыг Монгол Улс дэмжиж, хувь нэмрээ орууллаа. Хөшөөний барилгын ажил энэ оны 5 дугаар сард өндөрлөж, нээлтийг нь хийх юм.