logo
Хойд Солонгос гурав дахь удаагаа цөмийн бөмбөг туршлаа

Хойд Солонгос гурав дахь удаагаа цөмийн бөмбөг туршлаа

2013/02/13
 Өчигдөр Хойд Солонгос гурав дахь удаагаа цөмийн бөмбөг турших ажиллагаа хийсэн талаар гадны хэвлэлүүд хангалттай мэдээлсээр буй юм. “Итар тасс” зэрэг агентлаг мэдээлэхдээ “Хойд Солонгос Хятадын луу жилийн баярт цөмийн бөмбөгөөр бэлэг барив. Хятадуудын уурлан бухимдаж буйд тэд таатай хандаж байгаа ч энэ нь сайн хөршийн харилцаанд сэв суулгах алхам боллоо” хэмээн бичиж байна. Мөн дэлхийн томоохон  агентлагуудын нийтлэлүүдэд газар доор туршигдсан цөмийн бөмбөг 5-10 килтонн байсан эсэхийг хэн ч мэдэхгүй байгаа нь тоогүй талаар мэдээлжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл судлаачид тооцоолохдоо 5 магниудын газар хөдлөлт болсон гэж үзжээ. Дашрамд дурдахад, америкчууд Хирошимад ойролцоогоор 15 килтонн бөмбөг туршсан билээ.  

Гуравдагч орны хэвлэлүүдэд “Ким юу ч мөрөөдөн хүсэж байж болно. Гэхдээ эртнээс дайсагналцалтай АНУ, бусад хөрш орнуудаас гадна одоо бас нэг дайсан нэмлээ. Хятад Пхеньяны цөмийн туршилтад хэдийнээс дуугүй хүлцэнгүй хандаж ирсэн. Гэвч Кимийн бодол санаа хэдийнэ хил хязгаарыг мэдэхгүй алсад оджээ” хэмээн онцолжээ.

Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хойд Солонгос энэ өдөөн хатгалгаа “маш өндөр үнээр төлнө” гэсэн нийтлэлүүд цацагдаж байгаа аж. Хятадын эрх баригчид “Хойд Солонгос дахин ийм үйлдэл гаргаваас цөмийн бөмбөг туршсанаасаа ч илүү өндөр төлөөс төлнө” гэсэн байр суурьтай байгаа бололтой.

Олон улсын ажиглагчид “Хятадууд Хойд Солонгосчуудыг пуужин хөөргөөгүй, бөмбөг дэлбэлж, Хятадын бүс нутгуудад ямар нэгэн аюул занал учруулаагүй тул ойлгож болно. Гэвч Хятадын шинэ удирдлага өмнөх удирдлагууд шигээ ойлгож хүлээн авахгүй ч байхыг үгүйсгэхгүй. Магад олон жилийн хамтын ажиллагаа нуран унахыг ч үгүйсгэхгүй” хэмээн мэдээлжээ. Наад зах нь Хятад худалдааныхаа хилийг хаачихвал Хойд Солонгост аюул нүүрлэж, цөмийн бөмбөг туршсанаасаа ч илүү их хохирол амсах магадлалтай гэнэ.

Ийнхүү гурвантаа цөмийн бөмбөг туршсан Хойд Солонгосын үйлдэл дэлхий нийтийн анхаарлын төвд буй бөгөөд энэ сарын 12-ны өдөр НҮБ энэ асуудлыг авч хэлэлцжээ. Хятадын гадаад хэргийн сайд Yang Jiechi энэ үйлдэлд маш их харамсаж байгаагаа илэрхийлж, энэ болчимгүй үйлдлээс болж Хойд Солонгост таагүй үр дагавар учирч болзошгүйг ч анхааруулжээ.  

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Хамгийн болчимгүй үйлдэл. Бид шаардлагатай тохиолдолд холбоо харилцаагаа эрхэмлэж зохих арга хэмжээг авах болно” гэж хэлсэн байна. Японы Ерөнхий сайд Чинзо Абе “Ухаалаг алхам биш” гэсэн бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн "цэвэр хүчирхийлэл" гэж мэдэгдсэн байна. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш