logo
Харц

Харц

2013/02/14
Монголчууд бид нэг цуурахаараа хамаа намбаагүй цуурах юм. Сэтгүүл дээр гарсан Анжелина Жолигийн нүдийг яасан гунигтай нүд вэ гэж хамаг дэлхий дуу алдсан гэнэ. Анжелина Жоли ганцаараа гунигтай нүдтэй гэжүү? Дэндэж байна шүү. Голиввудын "од" л бол од. Гэхдээ гунигтай нүдтэй гэвэл Жолиг өрөвдөөд, сая сая бусад "гуниглангуй" харцтай хөөрхийлөлтэй амьтдыг хөсөр орхих уу?...

Гайгүй өгзөгтэй гэхээр Женнифер Лопесыг ярих уу?... Боль доо, тийм төөрсөн юм гэж хаа байсан юм бэ? Лопесын унгаж байгаа зургийг папараци зурагчингууд хүчтэй дурангаар татаж авсан байхыг үзсэн. Усны дотоожыг сунатал унгаж байгаа нь Гиннесийн номонд бичихээр гайхамшигтай харагдсан шүү.

Биеэ чивхэртэл барьсан, хэр баргийн урагдахгүй, тасрахгүй, сайн материал байж таарна. Мань мэт шиг хямдхан юмаар "од" биеэ хулдаагүй байгаа. Овоо дориун "газ" тавьсан нь зургаас нь харахад мэдэгддэг юм. Бүжигчин, дуучин, жүжигчин гээд хичнээн олон авъяастай билээ. Магадгүй дэлхийн аварга шалгаруулах унгалтын тэмцээн болвол Женнифер хатагтай түрүүлэхэд би лав дэмжинээ....

Харин гунигтай харцны тухайд яривал өөр хэрэг. Миний эргэн тойронд Жолигийнхоос ч илүү гунигтай харцнууд хүчдэл нь хүрэхгүй гэр хорооллын ламп шиг сүүмийж байдаг болохоор энэ талаар би илүү зоригтой дуугарна л даа.

Нөхөртөө "жийгдсэн" хамар хашааны эгчийн нойтон нүд, шараа тайлах гэж бодолд автагдсан хөрш хашааны ахын улаан нүд, худаг дээр өөрөөсөө том бидон чирсэн жаал хүүгийн нулимстай нүд, өвлийн хүйтэнд ундаа зарж зогсоо охины цантсан нүд, тэтгэврийн мөнгөтэй цүнхээ гудамжинд шүүрүүлсэн доголон эмээгийн хавантай нүд, автобусны буудал дээр амьд үхсэн нь мэдэгдэхгүй судас болсон чөргөр гараа сарвайсан орон гэргүй өвөөгийн сүүмгэр нүд гээд энэ миний орчинд үргэлж тааралддаг гунигт харцуудыг би хэлэхгүйгээр гунигт харцны тухай ярьж чадашгүй.

Автобусанд ороход л гуниг мэлтэлзсэн бөөн нүд өмнөөс тосно. Мөнгө хураагч гунигтай нүдээр " Миний дүү мөнгөө төлөөрэй. Орлого биелүүлэхгүй бол эгч нь маргааш гудамжинд гарна" гэх шиг харна. Өөдөөс нь "Надад мөнгө байхгүй. Аав архичин, ээж хүнд өвчтэй, ах ажилгүй, эгч сургуульгүй. Яана даа би. Намайг та хөөж буулгалчихалгүй сургуулийн ойр юмуу тэрэг түрдэг захын ойролцоо дөхүүлээд буулгаж өгөөч" гэсэн харцнууд дүрлийнэ.

Нийгэм маань биднийг ийм харцтай болгожээ. Ерөнхийлөгчийнхөө нүдийг хараарай. Аймаар өрөвдөлтэй. Жижигхэн орны жижигхэн ерөнхийлөгч гээд өндөр ултай гутал өмсдөгтөө гуниглана. Тэгэхэд том улсын том ерөнхийлөгч Обама "бидэнтэй зураг авахуулаад чи жижигдэнэ" гээд алгаараа нүүрийг нь хаах жишээтэй. Төсвөө яаж хоёр чихнээсээ хонх уяхгүй данс бариулна даа гэж гунигласан ерөнхий сайдын хоёр нүд хулгайч, хуйвалдагч нарыг харсан мэт хэдэн сайдаа харж гөлөлзөнө. Их хурлын даргын нүд бөөн гуниг.  Шартсан царайтай хэдэн гишүүдээ хэрэлдэж зодолдолгүй тарцгаагаасай гэсэндээ гуниглана.

Шүүгчийн нүд гунигтай. Шүүгдэгчийн нүд бүр гунигтай... Хоол идчихээд үйлчлэгчид мөнгөө өгөхдөө гунигтай. Хооллуулсан гуанз нь хордоод үхчихгүй эндээс зайлаасай гэхээс гунигтай. Замаар гарах гэж замбараагүй олон машины сиймхий харж зогсох явган зорчигч гунигтай. Зайлуул нэг ядарсан амьтныг шүргэчих вий гэж араасаа орилох чагнааланд хөөгдсөн жолооч нэг гунигтай...

Тиймээ гунигт харц гэдэг чинь Жолигийн тоглосон жүжигчин харцанд бус зоргоороо амьдардаг манай нийгэмд зөндөө байна. Хаашаа л харна гунигт автсан дуугаа хураасан, хөмсөг зангидсан, хамраа шантайлгасан улс... Хөөш мөнгө зээлэх үү? Хэдийг ? Их бишээ мянган доллар... Май ав... Одоо мянган доллартай болсон тэр хүний нүд гунигаасаа салсан бол уу?...

Үхсэн хойноо, би яаж эргүүлж өгнөө гээд гунигт автаж... Дэлхийн хамгийн орлоготой баян жүжигчиний нүд гунигтай байгаа юм чинь түүний нүд бүр шарласан хүн шиг жорлойчихсон байгаа даа...

Даваажавын Эрдэнэмөнх
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш