УИХ-ын намрын чуулган завсарласантай холбогдуулан чуулганаар хэлэлцэж баталсан хууль, тогтоомж болон цаг үеийн асуудлаар УИХ-ын дарга З.Энхболд хэвлэл мэдээллийнхэнд өчигдөр /2013-02-15/ ярилцлага өгсөн. Энэ ярилцлагыг багцлан хүргэж байна.
-УИХ-ын намрын чуулган завсарлалаа. Намрын чуулганы үр дүн болон онцлог нь юу байв?
-УИХ-ын намрын нэгдсэн чуулган нийт 93 хоног үргэлжилж, 34 удаа хуралдлаа. Үүн дээр байнгын болон дэд хороод 135 удаа хуралдсан. Энэ хугацаанд бие даасан 16 хууль баталж, 68 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, УИХ-ын 59 тогтоолыг тус бүр хэлэлцэж дуусгажээ.
Намрын чуулган төсөв баталдгаараа онцлогтой. Төсвийг дагаж гардаг Нийгмийн даатгалын тухай, Хүний хөгжил сангийн тухай хууль батлагдсан. Нэгдсэн төсвийн алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ хоёр хувьтай тэнцэхээр байна. Нийт орлого нь долоон их наяд найман тэрбум төгрөгт хүрчээ. Орон нутгийн төсвийн хувьд нийт төсвийн 20.7 хувийг эзэлж байгаа. Тодруулбал, орон нутгийн өөрөө мэдэж зарцуулдаг хөрөнгө өнгөрсөн жилтэй харьцуулбал 2.3 дахин нэмэгдсэн байгаа юм. Төсөв нэмэгдэхийн хэрээр хөрөнгө оруулалт, урсгал зардал гээд бүх зүйл нэмэгдэж байгаа. Зөвхөн хөрөнгө оруулалт л гэхэд нэг их наяд найман зуун тэрбум төгрөг болсон байна. Үүний менежментийг хийхэд УИХ, орон нутгийн өөрөө удирдах байгууллага анхаарах хэрэгтэй.
Түүнчлэн Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж тэнд гардаг хүнд суртлыг хоёр дахин багасгаж, таван тэрбум ам.долларын “Чингис” бондыг гаргахыг Засгийн газарт зөвшөөрсөн. Үүний 1.5 тэрбум ам.доллар орж ирсэн. Мөн арьс ширний бизнес эрхэлдэг хүмүүс болон нийт малчдад зориулж 140 тэрбум 400 сая төгрөгийн үнэт цаас гаргахыг зөвшөөрсөн. Энэ бүхэн хэрэгжээд явна.
Мөн мэтгэлцээний гол талбар байсан “Оюутолгой”-н асуудлаар нэгдмэл байр суурьд хүрч, банк дахь мөнгөн хадгаламжийг зохицуулж, эрсдлээс хамгаалах шинэ хуультай боллоо. Ажилласан жил, тэтгэврийн зөрүүг арилгах тухай, ДОХ-ын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталсан байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль нь УИХ, орон нутгийн сонгуулийн хуультай төстэй. Гадаадад байгаа иргэдийг хамруулж, автоматжуулсан системээр санал хураалтыг явуулж байхаар зүйлчилсэн. Товч хэлбэл намрын чуулган ийм үр дүнтэй байна.
-Чуулган завсарлахын өмнө Газрын тухай багц хуулийг УИХ-аар хэлэлцсэн ч газрыг албадан чөлөөлөх хэсгийг санаачлагчид нь буцаасан. Ямар шалтгаанаар энэ хэсгийг буцаасан бэ?
-Хуулийн төслийг ахин боловсруулах шаардлагатай болсон. Яагаад гэвэл хуулийн төсөлд буруу ойлгогдохоор заалтууд орсон байсан. Ялангуяа нэр нь өөр ойлголтыг төрүүлэхүйц болсон. Хуулийг бүхлээр нь уншиж танилцвал газар албадан чөлөөлөх бус нөхөн олговор олгох тухай хууль байсан юм билээ. Ингээд хэлэлцэх явцад шүүмжлэл дагуулж Засгийн газар хуулиа сайжруулж өргөн барихаар эргүүлэн татсан. Түүнээс биш газар албадан чөлөөлөх тухай асуудал байж болохгүй гэж үзээгүй.
-Монгол Улс олон улсын зах зээлд “Чингис” бондыг худалдаалж эхэлсэн. Харин “Чингис” бондын зарцуулалтын тал дээр сөрөг хүчнийхэн өөр байр суурьтай байгаа. Үүн дээр тайлбар өгвөл?
-Бондын хөрөнгийн талаар нийгэмд ташаа ойлголт яваад байна. Засгийн газар нь бонд гаргадаггүй орон бараг байдаггүй. Энэ бол санхүүгийн механизм юм. АНУ, Япон гээд хөгжилтэй орнуудын Засгийн газар өдөр бүр дэлхийн зах зээлд бонд гаргадаг. Бүр 20-30 жилээр төлөвлөж хийдэг. Харин сөрөг хүчин болох МАН-ынхан буруу сурталчилгаа хийж хүүтэй мөнгө зээлж бизнес хийгээд буцааж төлдөг зээлтэй адилтгаж ойлгуулаад байгаа юм.
Засгийн газрын гаргасан бонд хэлбэрийн хувьд тийм ч хамаагүй үр дүнтэй. Шууд санхүүгийн салбартаа хэрэглэж урьд нь хийж чадахгүй байсан олон зүйлийг хийх боломжийг олгож байгаа юм. Ямар ч хөрөнгийн бирж дээр очоод харсан тэр улсын Засгийн газрын бонд тийм ханштай байна гээд чөлөөтэй арилжигдаж байдаг.
-Энэ мөнгөнөөс Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг үе шаттай бүрдүүлнэ гэж тайлбарлаж байгаа. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эргэлтэд оруулах хууль эрх зүйн орчин нь хэзээ бэлэн болох вэ?
-Нийгмийн даатгалын сан гэдэг маань хөрөнгө оруулалтын сонгодог хэлбэр. Манай улсад социализмын үед тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэмжийг улс хариуцдаг байсан. Харин 1995 оноос энэ тогтолцоог өөрчилсөн байдаг. Тэтгэвэрт гарч байгаа бол чи өөрийнхөө нэрийн дансанд цалингийнхаа 20 хувийг шимтгэл хэлбэрээр төл гэсэн. Энэ хэлбэрээр Нийгмийн даатгалын санд 1995 оноос хойш мөнгө хуримтлагдах ёстой байсан. Гэтэл Засгийн газарт мөнгө хэрэгтэй болсон даруйд авч хэрэглэсээр байгаад өнөөдөр данс нь хоосон болсон.
Одоо энэ өрийг нэгмөсөн даръя гэдэг зүйлийг л Засгийн газар яриад байгаа юм. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө иргэнийг тэтгэвэрт гарахад хэрэг болохоос биш наана нь авах эрхгүй. Тэгэхээр энэ олон хүний хөрөнгийг цуглуулж байгаад моргейжийн зээл буюу иргэдээ эд хөрөнгөтэй болгодог ажилд хэрэглэе гэж байгаа. Энэ мэтээр эдийн засгийн нэг циклийг ажиллуулахаар зорьж байна.
-Дэлхийн банкнаас Чингис бондын хөрөнгийг улсын төсөвтөө тооцох хэрэгтэй гэсэн зөвлөмж өгч байгаа. Үүнийг хийх боломжтой юу?
-Дэлхийн банк санхүүгийн тоо бүртгэлийн асуудлыг л ярьж байгаа. Манай одоогийн хуулиар бондыг төсөвтөө тусгах боломжгүй. Сайн тал нь давамгайлна гэж үзвэл хуулиа өөрчлөөд явж болно. Гэхдээ муу тал бас бий. Энэ нь нийт эдийн засаг дахь төрийн оролцоог том харагдуулдаг юм.
-Дэлхийн банкны эдийн засагч бондын хөрөнгөөр төмөр зам, авто замын компаниудад тендергүйгээр санхүүжилт хийх нь эрсдэлтэй гэдгийг хэлсэн. Хууль, эрх зүйн хувьд эрсдлийг хааж чадах уу?
-Ямар төсөл сонгож авахаас шалтгаална. Энэ жил манай улсад засах гэж байгаа замын урт компаниудын хүчин чадлаас давчихаад байгаа. Ийм тохиолдолд тендер зарлаад хэн нэгнийг шалгаруулах утгагүй. Тиймээс Засгийн газар авто замын компаниудтай уулзаж, боломж, бодит хүчин чадлыг нь тооцож байгаа. Харин хийх ажил нь бага хийх гэж байгаа компаниуд нь олон байвал өрсөлдөөн үүсэх учиртай. Гэтэл ажил нь их, компани, мэргэжилтэй инженерүүд нь цөөн учраас эсрэгээрээ болчихоод байна.
-УИХ-ын намрын чуулганы хаалтын үеэр та төсвийн хэмжээ болон төсвөөс гадуур төрийн мөнгөөр баталгаажсан хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг анхааруулсан. Үүнийг иргэд “Чингис бонд”-той холбож ойлгож байна. “Чингис” бондын хөрөнгийг нээлттэй, ил тод зарцуулахад ямар бодлого барих бол?
-Тэр бол улсын төсвийн хөрөнгө оруулалт биш зээл учраас буцааж төлөгдөх ёстой. Нэг төсөлд 30 хувиас хэтрэхгүй байх ёстой, төлөгдөх хугацаа нь бонд авсан хугацаатай таарч байх ёстой гэх мэт хөрөнгө оруулалтын ялгаа, хязгаарыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр заагаад өгчихсөн байдаг.
-Хаврын чуулган дөрөвдүгээр сарын 5-нд хуралдах товтой. Үүнээс урьтаж, “Оюутолгой”, “Тавантолгой”, эвсэл төсвийн тодотголтой холбоотойгоор ээлжит бус чуулган хуралдах уу? “Оюутолгой”-н хөрөнгө оруулагчдийн уулзалт энэ сарын сүүлчээр болно. “Оюутолгой”-н гэрээнд өөрчлөлт орох болов уу?
-“Оюутолгой”, “Тавантолгой”-н гэрээг УИХ-аар хэлэлцэх шаардлага байхгүй. УИХ шийдвэрүүдээ гаргасан. “Оюутолгой”-н гэрээг өөрчиллөө гэхэд Засгийн газар бие даан хийх боломжтой. Засгийн газарт энэ эрхийг нь 2009 онд өгсөн. Ямар хэмжээнд ажиллах вэ гэдэг хязгаарыг нь хүртэл хэлээд өгчихсөн. Тиймээс Засгийн газар “Рио Тинто” хоёр чөлөөтэй хэл амаа ололцож болно.
-“Оюутолгой”-н хувь нийлүүлэгчдийн хурал олны анхаарлын төвд байна. Энэ Засгийн газар анхны хөрөнгө оруулалт хэтэрсэнд шүүмжлэлтэй хандаж байгаа. Харин өмнөх Засгийн газар УИХ-ын 57 дугаар тогтоол бүрэн биелсэн гэдэг утгатай мэдэгдлийг гаргаж байсан?
-Тэр Засгийн газар буруу мэдэгдэл хийсэн. 57 дугаар тогтоолд биелээгүйг бүгд мэдэж байгаа. УИХ-ын тогтоол хууль гэсэн үг. Тиймээс тэр тогтоол биелэх ёстойгоос хэн нэгэн хүн хуулийг яаж ойлгосноос хамаарахгүй.
-Энэ онд Тавантолгойн баруун Цанхид тендер зарлах талаар эдийн засагчид ярьж байгаа. Үүнд УИХ ямар бодлого баримтлах вэ?
-УИХ 39 дүгээр тогтоол баталсан. Засгийн газар үүний дагуу ажлаа хурдан явуулах ёстойгоос шинэ зүйл бодож олох шаардлагагүй.
-УИХ-ын хаврын чуулганаар ирэх оны төсвийн төсөөллийг хэлэлцэж эхэлнэ. Үүнээс урьтаж стратегийн ач холбогдолтой ордуудыг ашиглах талаарх гэрээ, хэлэлцээрийг нэг мөр болгох талаар Засгийн газар ямар чиглэл өгч байгаа вэ?
-“Оюутолгой”-н хувьд бүгд ойлгомжтой. Хөрөнгө оруулалт хэтэрсэн, монгол ажилтан бага цалин авдаг зэрэг хууль биелэхгүй хэд, хэдэн зүйл байгаа. Эдгээрийг засаад явахад “Оюутолгой”-н үйл ажиллагаанд торох зүйл байхгүй. Тавантолгойн баруун Цанхийн операторыг сонгочихвол бас асуудалгүй. Төмөр замын хувьд 51 хувь нь Монголд 49 хувьд хэн ч хөрөнгө оруулах боломжтой. Хавраас ажил эхлэх ёстой. Бусад жижиг уурхайн хувьд стратегийн орд бол төр, хувийн хэвшил яаж оролцох зэрэг ажил яваандаа хийгдэнэ.
-Хавар бүтээн байгуулалтууд эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор төсөвт тодотгол хийх хүчин зүйл байгаа болов уу?
-Төсөвт тодотгол хийхгүйгээр бүтээн байгуулалтыг хийж болно. Яагаад гэвэл 2013 оны төсвийн хөрөнгө оруулалтуудыг нэр төрлөөр нь батлаад өгчихсөн. Төлөвлөсөн орлого орж ирэхгүй бол зарлагаа танахын тулд тодотгол хийдэг. Одоогийн байдлаар тийм зүйл ажиглагдаагүй байна.
-Намрын чуулган бизнесийн орчинг хөнгөвчлөх суурийг хэр сайн тавьж өгсөн бол?
-Засгийн газрын өргөн барьсан хуулиудыг хурдан шуурхай хэлэлцэж байгаа. Тэгэхээр Засгийн газар өөрийнхөө ажилд саад болсон зүйл байна гэж үзвэл хуулийн төслөө өргөн барьж, шийдүүлээд явах бүрэн боломжтой.
-Өнгөрсөн онд Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээний урсгал 18 хувиар татарсан үзүүлэлт гарсан. Үүнд хөрөнгө оруулагчдын хүлээлт том байр суурь эзэлсэн байх. Энэ жил стратегийн зарим салбарт хөрөнгө оруулалтын зохицуулах тухай хуулинд өөрчлөлт оруулна, хөрөнгө оруулалтын хязгаарыг уян хатан болгоно гэж яригдаад байгаа. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Ер нь гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах шаардлага бий. Өнгөрсөн тавдугаар сард батлагдсан хууль зарим хүнд хатуудсан гэж ойлгогдож магадгүй. Энэ асуудал УИХ-д нээлттэй байгаа. УИХ-ын гишүүн эсвэл Засгийн газар хуулийн төсөл санаачлаад оруулбал хэлэлцээд, засч залруулж болно.
Гадаадын хөрөнгө оруулалтын бууралт тодорхой шалтгаантай. “Оюутолгой”-н ил уурхайн хөрөнгө оруулалт үндсэндээ дуусч, жил бүр орж ирж байсан тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагагүй болсон. Энэ бол хөрөнгө оруулалт буурсан үзүүлэлтийн том шалтгаан.
-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал гарсан. Гэхдээ жагсаалтад ороогүй асуудлыг хэлэлцэх байсан гэх гишүүд олон байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Гарсан төлөвлөгөөг бид барьж ажиллана. Гэхдээ гишүүдийн олонхи нь энэ хуулийг дараалал харгалзахгүй хэлэлцэнэ, маргааш биш өнөөдөр гэх юм бол хэлэлцэгдээд явна. Олонхийн санал авч чадахгүй бол хэлэлцэгдэх нь бүү хэл батлагдахгүй.
-Энэ парламент бүрдсэнээс хойш шинэчлэлийн талаар багагүй ярьж байна. Тэр дундаа хууль зүйн шинэчлэлийг хийхээр их ярьж байгаа. Ер нь дөрвөн жилийн дараахь Монгол орон хууль зүйн хувьд ямар түвшинд очих бол?
-Хууль зүйн салбарын шинэчлэл удаан явагддаг. Нэг жишээг дурдахад Хууль зүйн сонгон шалгаруулалтын тухай хууль байна. Шинэ системээр хуульч гэж хэнийг хэлэх вэ. Яаж шалгалт авах вэ, шүүхэд ажиллах уу, прокурорт ажиллах уу гээд олон асуудал бий. Харин хуучин системээр ажиллаад сурчихсан хүмүүс яаж шинэ систем рүүгээ орох вэ гэдэг асуудал бий. Асуудал нь өөрөө олон жилийг хамардаг гэсэн үг. Түрүүчийн Хууль зүйн сайд, Засгийн газар энэ салбарт хийх шинэчлэл байхгүй гэж ярьдаг байсан. Харин АН өөрчлөх олон зүйл байна гэж үзээд нэлээд олон хуулийг баталсан байгаа. Одоо ч хэлэлцэгдэх арав орчим хууль байна.
-УИХ байгаа хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах эсвэл шинээр хууль батлах хоёрын алинд нь илүү анхаарч байна вэ?
-Хууль өөрөө амьдралыг зохицуулдаг. Амьдралаас ямар шаардлага гарч байна тухайн үед хуулийг боловсруулж баталдаг. Огт байхгүй харилцааг зохицуулах гэж шинээр хууль гаргадаг. Одоо байгаа хууль нь амьдралаас хоцрогдоод байвал түүнийг зохицуулах гэж нэмэлт, өөрчлөлт хийдэг. Нэмэлт, өөрчлөлт их хийгддэг, шинэ хууль цөөн батлагддаг.
-УИХ-ын гишүүдийн хариуцлагын тухай асуудал их яригддаг. Ирц бүрдүүлэх гэх зэрэг зохион байгуулалтад хэр анхаарч байна вэ?
-Хурууны хээгээр ирцээ бүрдүүлдэг болох тухай асуудал яригдаж байгаа. Үүний эсрэг саналтай гишүүн байхгүй. Харин энэ асуудлыг санал хураадаг цагтай болох заалттай хамт хэлэлцэнэ гэсэн байр суурьтай байгаа юм билээ. Гэхдээ техникийн хүндрэл байгаа. Хурууны хээгээр санал өгдөг машинуудыг зөвхөн чуулганы танхимд бус байнгын хорооны танхимд мөн байршуулах, бүгдийг компьютерт холбох, санал өгөх бүрт хурууны хээг нь шалгах гэх мэтийн асуудалд багагүй хөрөнгө оруулах шаардлага бий. Түрүүчийн УИХ-ын Тамгын газрын үед Солонгосын “Койка” байгууллагаас тусламж авахаар гарын үсэг зурсан. Энэ онд багтаад тусламжийн мөнгө ороод ирвэл төсөвт хүндрэл учруулахгүй байхаар ажлыг хийнэ.
-Шинэ гишүүдийн санаачилсан хууль шүүмжлэл дагуулаад байна. Зарим гишүүн Үндсэн хууль зөрчсөн байж мэдэхээр эхнэр, нөхрийн харилцааг зохицуулсан хуулийн төсөл ярих боллоо. Иргэдийнхээ язгуур эрх руу өнгийсөн хууль боловсруулах нь хэр зүйтэй юм бэ?
-Гишүүдийн хууль санаачлах эрх нь байгаа. Гэхдээ гадаад эхнэр, нөхөртэй байх тухай хууль санаачлаад, хэлэлцүүлэхээр өргөн бариагүй. Тийм хууль санаачилбал яасан юм гэж ярьсныг нь батлуулчихсан юм шиг хэвлэлээр гаргадаг нь буруу. Сайн тооцолгүйгээр хууль санаачлаад хэлэлцүүлгийн явцад шүүмжлүүлж, цоорхойтой нь мэдэгдэх хуулиуд олон. Ямар ч хуулийн төсөл санаачилж болно. Гишүүдийн олонхийн саналыг авч хууль болж чадах уу үгүй юу гэдэг шалгуур нь чухал юм. Шууд хэлбэл шинэ гишүүд ямар ч санаа гаргаж болно, юу ч ярьж мэднэ. Тэгэхээр хүний эрхээс нь эхлээд бүх зүйлийг нь тооцох хэрэгтэй. Үндсэн хууль зөрчсөн байвал батлагдахгүй. Иймд асуудлаа сайн судалж байж ажиллах хэрэгтэй байна. Үүний төлөө судалгааны төв гаргаж, төсвийг нь хүртэл батлаад өгчихсөн байдаг.
-УИХ-ын гишүүд санаачилсан хуулиа олон нийтэд таниулах зорилгоор хэвлэлийн хурал хийдэг. УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй ч гэхдээ зарим ярьж байгаа зүйл нь иргэдийг сандаргах болоод байна. Ер нь гишүүд ярилцаж, судалж байгаад олуулаа хуулийн төсөл санаачилдаг олон улсын тогтолцоог Монголын парламентад нэвтрүүлэх боломжтой болов уу?
-Зарим улсын парламент дөрөв, таван зуун гишүүнтэй байдаг. Тийм том парламентад арав, хорин гишүүн нийлж хууль санаачилдаг эсвэл хуулийн төсөл нь мөнгө төгрөгийн асуудал хөндөж байгаа бол заавал Засгийн газрын зөвшөөрөл авдаг гэх зэрэг жишиг бий.
Мэдээж бүх зүйлийн үнийг хуулиар зохицуулахгүй шүү дээ. Болж өгвөл зах зээл өөрөө ажиллаж байх ёстой. Үнэхээр болохгүйд хүрвэл Засгийн газраас оролцдог нэг л байгууллага байгаа нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар. Үүнээс өөр ямар ч газар үнийн талаар ярих эрхгүй. Яагаад гэвэл бид зах зээлийн нийгмийг сонгоод 22 дахь жилдээ явж байна. Зах зээлд өрсөлдөгчид бүгд шударга байдаггүй учраас үгсэн хуйвалдвал албадан арга хэмжээ авах гэх Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрыг байгуулсан. Гэхдээ тэр байгууллага бүх зүйлийн үнэд оролцох боломжгүй. Тухайлбал, “Нарантуул” захад төгс өрсөлдөөн явагдаж байгаа учраас үнэ зохицуулах шаардлагагүй. Гэтэл нефть импортлогч хэдхэн компанийн эзэд хоорондоо үгсэн хуйвалдахыг үгүйсгэхгүй.
-УИХ-ын гишүүд давхар сайдаар ажиллаж байгаа нь шүүмжлэлд өртдөг. Засгийн газрын үйл ажиллагааг УИХ хянахад энэ байдал сөргөөр нөлөөлж байна гэх хардлага байгаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Мэдээж УИХ, Засгийн газар ялгаа, заагтай байх ёстой. УИХ-ын 2012 оны сонгуулийн онцлог бол олонхи байхгүй, олон суудалтай нам байгаа. Олон суудалтай нам өөрөө ингэж шийдсэн учраас хэсэгтээ ингэж явах байх. Засгийн газрын шийдвэрийг сайдууд нь дагадаг зэргээс УИХ-д санал өгөхөд хүндрэл гардаг. Яваандаа үүнийг залруулах шаардлага байгаа. Цөөн гишүүнтэй парламентын бас нэг дутагдалтай тал нь энэ. Дөрөв, таван зуун гишүүнтэй Германы парламентад хэдэн хүн сайд байхыг ер сонирхдоггүй юм билээ. Харин 76 гишүүнтэй Монголын парламентын арав гаруй нь сайд болчихоор ирцээс эхлээд мэдрэгдэж байна.
-Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг өргөн барихаар ярьж байна. Намуудын төсөв, байр сууц гэх зэрэг асуудлыг өөрчлөх саналыг МАН хэрхэн хүлээж авах бол?
-Улс төрийн намуудын тухай хуулийн өөрчлөлтөөр ажлын хэсэг байгуулсан. Намуудын одоогийн санхүүжилт буруу юм байна. “Гаалийн” хэмээх Х.Баатар зуун сая төгрөгийн авлигаа МАХН /одоогийн МАН/-д аваачиж өгснөөс үүдэлтэй намуудын санхүүжилт асуудалтай гэдэг нь ойлгогдож байгаа. Тиймээс нам өмч хөрөнгөтэй байх уу, гишүүнчлэлтэй байх уу гэдгийг нэр мөр шийдье гэж байгаа юм. Намуудын санхүүжилтэд ялангуяа УИХ, орон нутгийн ИТХ-д ялсан намууд төсвөөс тодорхой мөнгө авах ёстой юм байна гэдэгт санал нийлж байгаа. Нэг бол компаниудаас мөнгө авч эрхшээлд нь орох эсвэл төсвийн хараат болох хоёр л зам байгаа. Америк бол компаниудын эрхшээлд байдгийг сонгосон. Харин Герман төсвийн хараат байхыг сонгосон. Байгалийн баялаг ихтэй улсын хувьд Америк систем нь буруу юм байна гэдгийг мэдэрлээ. Тиймээс Германы систем рүү орж төсвөөс санхүүжиж, тэр нь ил тод байдаг болъё гэж үзэж байгаа.
Мөн УИХ-ын намрын чуулганы сүүлийн өдөр Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр ажлын хэсэг гаргасан. Сонгуулийн хуулийн ажлын хэсэг бол гурван сонгууль явуулсан туршлага дээрээ тулгуурлаад нэг том хуультай болох зорилготой ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулийн ялгаа, онцлогийг харуулсан бүлгүүдтэй нэг том хуулийн төсөл боловсруулах юм. 2016 оны сонгууль яаж явуулах нь энэ онд шийдэгдчихвэл сонгууль дөхүүлээд яаруу, сандруу хууль баталдаг тогтолцоо арилна гэж үзэж байгаа. Үүний дараа Үндсэн хуулийн асуудал яалт ч үгүй гарч ирнэ.
-Намрын чуулганы хугацаанд МАН-ын гишүүд “Буйдантай жагсаал” хийж төрийн ажлыг хэд хоног гацаасан. Тэдэнд ямар хариуцлага тооцсон бэ?
-Хуульд Төрийн ордонд жагсаал, цуглаан хийвэл дээд тал нь 60 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай. Төрийн ордны захиргаа, Хамгаалалтын алба 17 гишүүнийг тус бүр 60 мянган төгрөгөөр торгосон. Миний сонссоноор гишүүдийн цалингаас торгуулийг суутгасан гэсэн.
-УИХ-ын намрын чуулганаар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцсэн ч санаачлагч нь татаж авсан. Ямар учраас татаж авсан юм бол?
- Манай улс гурван сая шахам хүн амтай атлаа 30 телевиз, 800 шахам сонинтой гэдгээрээ рекорд тогтоосон. 800 сонин бүгд гардаггүй ч энэ салбар асуудалтай байгааг хэлж байгаа юм. Энэ хуулийг өнгөрсөн парламентын үед өргөн барьсан. Энэ хууль батлагдахгүй байгаа хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, радио долгион бол улсын өмч. Улсын өмчийг ашиглаж, тухайн долгионоор нэг хүн, нэг намд зориулсан нэвтрүүлэг явуулаад байвал хувийн телевиз мөн эсэх нь яригдсан. Анх өргөн барьсан хуулинд энэ зохицуулалт байхгүй. Мөн шинээр гарч ирсэн вэб сайтуудын талаархи зохицуулалт байхгүй. Энэ мэтээр энэ хууль том зах зээлийн жижигхэн хэсгийг зохицуулах гэснээрээ амжилтгүй болсон. Хууль санаачлагч анх өргөн барьсан хууль нь маш их эвдэгдэж гарахыг мэдээд эргүүлэн татсан. Хэлэлцүүлгийн явцад бид нууцын тухай хууль, өргөн нэвтрүүлгийн тухай хууль, сэтгүүлчийн эрх ашиг, хэвлэлийн газрын эрх ашиг хоорондоо ялгаатай гэдгийг харсан. Тиймээс Засгийн газар өөсрдөө гэрийн даалгавраа сайн хийх шаардлагатай байна.
-2010 онд батлагдсан Төрөөс баримтлах төмөр замын бодлогын баримт бичигт тусгаснаар “Өмнөд төмөр замын царигийн асуудлыг Засгийн газар тухай бүрт нь УИХ-аар шийдвэрлүүлнэ” гэсэн байгаа. Гэтэл одоо Засгийн газар өөрөө шийдчихсэн гээд байгаа?
-Хэрэв бүтээгдэхүүн шууд гадаад руу гардаг буюу одоогийн төмөр замаас өөр замаар гарахаар бол төмөр замын царигийн асуудлыг Засгийн газар УИХ-д оруулж ирнэ гэж заасан байгаа.
-“Монголын төмөр зам” компани хэд хэдэн чиглэлд төмөр зам барихаар ТЭЗҮ-гээ боловсруулаад хөрөнгө оруулагчдад урилга гаргасан. Төмөр замд хөрөнгө оруулагчид хэр элбэг байх бол?
-Монголын төмөр замыг сонирхогчид олон байгаа. Төмөр замд хөрөнгө оруулбал удаан хугацаанд тогтвортой, мөнгөө буцааж авах боломжтой гэдгийг харж байгаа. Уул уурхай, хэрэглэгч байгаа нь төмөр зам ашигтай гэдгийг харуулж байгаа юм. Төмөр замын ТЭЗҮ-г дэлхийн хамгийн том бизнесийн зөвлөгөө өгдөг “Маккензи” компани хйисэн. Үүнийг олон хөрөнгө оруулагчид боломжтой гэж харж байгаа. Энэ төслийг Х.Баттулга сайд ганцаараа хийсэн зүйл биш.
Төмөр замд нэг удаа хөрөнгө оруулахад 30 жилийн турш тасралтгүй, тогтвортой орлоготой орон дэлхий дээр цөөхөн байна. Гэхдээ 51 хувь нь улсын өмч 49 хувь нь гадаадын хөрөнгө оруулалт юм. Өмнөх болон одоогийн УИХ төмөр замын цариг болон бусад бүх асуудлыг шийдвэрлэсэн. Одоо хэрэгжүүлэх л хүлээлттэй байна.
-Бүх Хятадын Ардын их хурлын дарга У Бангуо манай улсад айлчилсан. Харин энэ үеэр Тавантолгой, Чалко хоорондын гэрээг ярьсан гэх таамаг байгаа. Энэ асуудлыг хөндсөн үү?
-Айлчлалын үеэр энэ талаар яриагүй. Хоёр улсын хууль тогтоох байгууллагын ярих зүйл дотор хоёр компанийн асуудал орохгүй. Засгийн газар, компаниуд хоорондоо ярих ёстой. Асуудлыг өөрсдөө хэлэлцээд явах бүрэн боломж байгаа.