УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ энэ сарын 17-21-нд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Сайд Д.Бат-Эрдэнэ өнөөдөр ОХУ-ын БХЯ-нд хүрэлцэн очиж, тус улсын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.К. Шойгутай уулзан хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар хэлэлцээ хийнэ. Хэлэлцээний үеэр цөөнгүй чухал асуудлаар ярилцах юм. Тухайлбал Монголын Зэвсэгт хүчин байлдааны зэвсэглэл, техникээ шинэчлэхэд ОХУ-аас тусламж авах, тус улсад суралцагсдын болон хоёр талын зочид төлөөлөгчдийн айлчлал, уулзалтын тоог нэмэгдүүлэх, 2014 онд Халхын голын дайны ялалтын ойн баярыг хамтран тэмдэглэх зэрэг асуудлыг хөндөх ажээ.
Мөн сайд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн “Алмаз-Антей” концерн, ”Иркут” корпораци болон мото буудлагын 5 дугаар тусгай бригадад зочилж сургалтын материаллаг бааз, цэргийн хуаран, байлдааны буудлагатай хичээл сургуулийн явцтай танилцана. Түүнчлэн Москвагийн цэргийн дээд сургууль, академид суралцаж байгаа Монголын цэргийн албан хаагчдын төлөөлөл, Москвад амьдарч байгаа ахмад дайчидтай уулзалт хийхээр төлөвлөсөн байна.
Батлан хамгаалахын сайдын зөвлөх Г.Сүхээ, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат, Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын дарга, бригадын генерал Д.Даваа, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Д.Ариунболд, БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Зэвсэглэл, техникийн хэлтсийн дарга, хурандаа Б.Батбаяр, “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ-ын захирал Л.Ариунболд, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, хурандаа О.Энхбаяр, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Г.Лүндэн нар Батлан хамгаалахын сайдын энэ удаагийн айлчлалын багт багжээ.