Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж 2 дугаар сарын 15-16-нд Өмнөд Судан улсад зочлов. Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нарын албаны хүмүүс орж явсан юм. 2 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг Өмнөд Суданы нийслэл Жуба хотын олон улсын нисэх буудалд Өмнөд Судан улсын Ерөнхийлөгч Салва Кийр болон тус улсын удирдах албаны хүмүүс, НҮБ-ын төлөөлөгчид, Цэргийн багийн захирагч, хурандаа Л.Гансэлэм нар угтан авлаа.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Өмнөд Суданы Зэвсэгт хүчний хүндэт харуул жагсан хүндэтгэл үзүүлэн угтаж авсны зэрэгцээ дунд сургуулийн сурагч хүү цэцгийн баглаа барьжээ. Хоёр орны Ерөнхийлөгч нарын уулзалтын үеэр Монгол Улс өөрийн Зэвсэгт хүчний томоохон бүрэлдэхүүнийг тус улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж байгаад талархаж байгаагаа Өмнөд Суданы Ерөнхийлөгч Силва Кийр илэрхийлсэн байна. Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч тус улсад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчдаа эргэн ирж байгаа анхны төрийн тэргүүн, шинэхэн тусгаар тогтносон Өмнөд Суданд Ази тивээс айлчлан ирж буй анхны Ерөнхийлөгч болж буйг баяртайгаар мэдэгджээ. Хариуд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Энэ бол Монгол Улс, монголчууд олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа хэрэг” хэмээн тэмдэглээд төр улсаа шинэхэн төвхнүүлж байгаа Өмнөд Суданы ард түмэн тусгаар тогтнолоо олон үеэр дархлан цогцлоож чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Өмнөд Судан улсын Юнити мужийн Бентью хотод энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэрэг дайчидтайгаа уулзахаар НҮБ-ын тусгай үүргийн онгоцоор очжээ. НҮБ-ын Энхийг дэмжих UNMISS ажиллагаанд оролцож буй батальоны захирагч, хурандаа Л.Гансэлэм гүйцэтгэж байгаа үүргийнхээ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Тэрээр батальоны хариуцлагын бүсэд цагийн байдал харьцангуй тайван байгаа ч нэг өдрийн өмнө манай энхийг сахиулагчдын байрлаж байгаа Ийда суурингаас 25-54 км зайд Хойд Суданы зүгээс хоёр ч удаа онгоцноос бөмбөгдөж орон нутгийн армийн албан хаагчид амиа алдаж, шархадсан тохиолдол гарсныг дурдсан юм.
Энхийг сахиулагчидтай уулзахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц. Элбэгдорж “Эх орон, элгэн түмэн тань үргэлж хөвгүүд, охидтойгоо хамт байгаа гэдгийг харуулах гэж би ирсэн юм. Монгол Улсаас хамгийн олуулаа, хамгийн хол үүрэг гүйцэтгэж байгаа цэрэг дайчдаа эргэж би ирлээ. Би цэргийн хүн болохоор ар гэрээс эргэлт ирэхийн сайхныг мэднэ. Оногдсон үүргээ зовхи өөдөө, харц сортоотой, хийморьлог сайхан гүйцэтгээд эх орондоо эсэн мэнд эргэн ирээрэй” хэмээгээд үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагнасан юм.