БШУЯ-наас боловсролын чанарын шинэчлэлийн бодлого дэвшүүлж, 2013 оныг Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, арга зүй, технологийн жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан МУБИС багшлах дадлагаа шинэчлэх зорилт дэвшүүлээд байна. Энэ ажлын хүрээнд МУБИС-ийн хаврын багшлах дадлагад гарах 1000 гаруй оюутны төлөөлөл болох 100 оюутанд хөдөө орон нутагт дадлага хийх зардалд нь зориулж БШУЯ-аас тэтгэлэг олгохоор боллоо.
Багшлах дадлагын тэтгэлэгийн батламжийг өнгөрсөн бямба гаригт БШУ-ны сайд Л.Гантөмөр оюутнуудад гардуулж өгсөн юм. Энэ үеэр сайд "Хандлагаа өөрчилж, ямарч зүйлд баригдалгүй өөр өөрийн өнгө төрхтэй, хүүхэд нэг бүрийг сургах арга зүйн технологио олж ирээрэй. Багш хүн хүүхдэд туслагч, дэмжигч, чиглүүлэгч нь байх ёстой гэдэг байр суурьтай байгаарай" хэмээн оюутнуудад захилаа.
Мөн энэ үеэр "Оюутнууд өөрийн гэсэн арга зүйг, арга зүй технологийн сан руу нийлүүлдэг жишиг тогтоох. Дадлагад гаргахгүй байгаагаас төгсөгчид ажлын байранд очоод шаардлага хангахгүй байгааг цаашдаа залруулж 3-6 сарын бүр нэг жилийн дадлага хийлгэдэг болгох. Багш болох оюутнуудаа дэмжиж, багш болох эрмэлзэл төрүүлэх олон ажил хийнэ. Тухайлбал, элсэлтийн шалгалтад өндөр оноо авсан хүүхдүүдээ багшийн сургуульд элсч ороход нь хөнгөлттэй сургадаг зээл олгох системийг нэвтрүүлэхийг зорьж байна.
Энэ удаа олгож буй тэтгэлэг нь нэг оюутанд сая орчим төгрөгийн зардал гарч байгаа. Үүнийгээ бид цаашдаа илүү өргөн далайцтай болгоод явна" хэмээн сайд Л.Гантөмөр онцоллоо. Энэ удаагийн хөдөө орон нутагт хийх найман долоо хоногийн багшлах дадлагыг Архангай, Булган, Говьсүмбэр, Хэнтий, Төв, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан уул, Багануур зэрэг аймгуудад зохион байгуулах юм байна. Багшлах дадлагын үеэр телевизийн цуврал нэвтрүүлэг бэлтгэж МҮОНТВ-ээр олон нийтэд хүргэх юм.
Тэтгэлэг гардуулах үеэр БШУЯ болон МҮОНТ, багшлах дадлагын талаар хамтран ажиллах гэрээнд хөдөөгийн сургуулийг төлөөлж архангай аймгийн Хашаат сумын сургууль болон МУБИС тус тус гарын үсэг зурлаа.