Монголын Залуучуудын Холбоо өнөөдрөөс эхлэн өглөөний 07 цаг 30 минутаас ажиллаж эхэлдэг болох шийдвэрийг гаргаж хэрэгжүүлж эхэлсэн гэнэ. Тус байгууллагынхан ийнхүү өглөө эрт ажил эхэлж, орой 16 цаг 30 минутад ажлын цаг дуусах бөгөөд үүний үр дүнд байгууллагынхаа залуучуудын ажлын үр дүнг сайжруулах, хамгийн гол нь залуучуудыг өөрсдийн хүсэл сонирхлоор нэгдэж, аливаа клуб, үйл ажиллагаа, уулзалт, ярилцлага, лекцэнд хамрагдаж өөрөө өөрийгөө хөгжүүлэх боломж, хугацаагаар хангах зорилгоор ийм шийдвэр гаргасан гэдгийг онцолж байна. Мөн тэд гаргасан шийдвэртэйгээ уялдуулан залуучуудынхаа бие биетэйгээ нөхөрлөж, өөрийгөө хөгжүүлэх, бусдаас суралцах боломжийг олгон МЗХ-ны төв байрны хурлын болон урлагийн заалыг нийт залуучууддаа болон залуучуудын зөвлөл, хороо, клубуудад нээлттэй болгож, үнэ төлбөргүй ашиглуулахаар болж байгаа юм байна. Ийнхүү МЗХ-ынхон эрт босвол нэгийг үзнэ гэдгийн адилаар залуучуудыгаа эртэч байхыг уриалж өөрсдөө үлгэр дууриалал болохоор шийджээ.