Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн 90 гаруй хувь нь өвчний дараах эмчилгээнд зарцуулагдаж байна. 10 хүрэхгүй хувийг урьдчилан сэргийлэх ажилд зарцуулж байхад хүн амын өвчлөл өндөр байхаас аргагүй. Үзлэгт ороогүй, шалгуурт тэнцээгүй машиныг замын хөдөлгөөнд нэвтрүүлэхгүй гэдэг шиг иргэдийг 1-2 жилд урьдчилан сэргийлэх оношилгоонд заавал оруулдаг, хамрагдаагүй хүнийг ажилд авдаггүй байх арга хэмжээ авдаг болмоор байна гэсэн саналыг “Шинэчилж шийдье-222” уламжлалт хэлэлцүүлгийн үеэр эмч ажилтнууд тавьж байлаа.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчийн долоо хоногоос эхлэн эрүүл мэндийн салбарт ажиллан, энэ салбарт бугшсан идээ бээрийг цэвэрлэж, ямар зохион байгуулалт хийвэл эмнэлгийн үйлчилгээний олон шат дамжлага цөөрч, иргэдэд хүртээмжтэй болох вэ гэдэгт гарц хайж байгаа. Нэг хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүд болон хувийн эмнэлэг, эм ханган нийлүүлдэг газар, тарилгын үйлдвэрээр орж, эмч ажилтнууд, иргэд, өвчтөнүүдтэй уулзаж, тэдний үгийг сонссон Ерөнхий сайд Н.Алтанхуяг эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлийн үндсэн зарчмаа “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгийн эхэнд танилцуулж, салбарынхны саналыг сонслоо. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд болсон энэ хэлэлцүүлгийн сэдэв “Эрүүл монгол хүн”.
Эрүүл мэндийн салбарын тогтолцоо буруу байгаа нь өрхийн эмнэлгээсээ анхан шатны тусламж авдаг иргэдийн тоо цөөн, хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгийн ачаалал хэт өндөр байгаагаас харагдаж байгаа юм. Өрхийн эмнэлэг чадваржвал хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэг жинхэнэ утгаараа ажиллаж, Солонгос, Хятад, Тайванийг зорьж эмчлүүлдэг иргэдийн тоо цөөрнө. Тиймээс уруугаа харсан энэ гурвалжин тогтолцоог өөрчилж, өрхийн эмнэлгийн үйлчилгээний төрлийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь бэхжүүлнэ гэдгээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.
Үзлэг оношилгоог тааруухан хийж байгаа. Өөр өөр онош гардаг, зарим эмч нар оношилгооны хариуг зөв тайлж уншдаггүй гэсэн шүүмжлэл иргэдийн дунд их байна. Энэ асуудалд Засгийн газар онцгой анхаарна. Аймгийн нэгдсэн эмнэлгүүдийг түшиглэсэн оношилгооны төв байгуулахад Ерөнхий сайдын төсвийн багцаас 20 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн талаар Засгийн газрын тэргүүн тодотгож хэллээ. Хэт олширсон эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудыг цэгцэлж, эмийн тендер нэртэй “зодоон”-ыг цэгцлэнэ. Эрүүл мэндийн салбарын санхүүжилт буруу байна. Эрүүл мэндийн үйлчилгээний зардалд даатгалын эзлэх хувийг 60 хувьд хүргэнэ. Эмч ажилтан, сувилагчдын цалинг ажлын гүйцэтгэлд нь суурилж олгоно.
Хотын төвөөс Баянхошуу руу түргэн тусламжийг яаж түргэн шуурхай очуулах вэ гэж бодож суух цаг ард үлдсэн. Яаралтай тусламжийн үйлчилгээг нэг биш 17 цэгээс хүргэж, иргэдэд ойртуулна. Энэ төсөл хэрэгжсэнээр яаралтай тусламжийн дуудлага 12 минутын дараа очдог болно. Нийгмийн эрүүл мэндийн үйчилгээнд хоосон лоозон, уриа хэлэхгүй. Эхийн хэвлийд, хүүхэд байхаас нь анхаарал тавина. Тиймээс ч оношилгооны төвүүд байгуулахаар Шинэчлэлийн Засгийн газар ажиллаж байгаа. Хүүхэд залуусыг бааранд биш спорт зааланд цагаа өнгөрөөдөг болгоход анхаарна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд эдгээр төлөвлөгөөний талаар салбарынхны саналыг сонслоо. Мөн хувийн эмнэлгүүд нэгдэж, чадварлаг эмч нар хүч чадлаа нийлүүлж баг болж ажиллахыг Засгийн газар дэмжиж, ийм багт туслалцаа үзүүлнэ гэдгээ ч тэрбээр онцолж байлаа.
Хэлэлцүүлэгт 30 гаруй эмч, ажилтнууд санал хэллээ. Ажлын гүйцэтгэлээр цалинжуулдаг болох, ЭМШУИС-ийн дэргэд сургалтын эмнэлэг байгуулах, өрхийн эмч нарыг чадваржуулах, аймгийн төвүүдэд оношилгооны төв байгуулах, урьдчилан сэргийлэх ажил буюу нийгмийн эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй гэдэгтэй тэд санал нийлж байлаа. Үүнээс гадна өөрсдийн эмнэлэг, ажилд Засгийн газраас ямар тусламж хэрэгтэй байгаа болоод Засгийн газар, Эрүүл мэндийн яаманд хандсан санал хүсэлтээ хэллээ. Эдгээр саналыг “Иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний шинэчлэл”-ийн төлөвлөгөөнд тусгаж, шийдлүүдээ танилцуулан дахин хэлэлцүүлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.