logo
Эрүүл мэндийн сайд Анагаах ухааны хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажилтай танилцав

Эрүүл мэндийн сайд Анагаах ухааны хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажилтай танилцав

2013/02/20

Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр Анагаах ухааны хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд тус тус ажиллаж эрдэм шинжилгээ, судалгааны ажлын явц, үр дүнгийн байдалтай танилцлаа.

 

Анагаах Ухааны Хүрээлэнгийн захирал, академич Н.Баасанжав Эмнэлзүйн салбарт удам зүйн судалгааг явуулж, удмын шалтгаант өвчнүүдийг генийн түвшинд оношлох боломж бүрдүүлэх үндсэн зорилго тавин 39 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгааг танилцуулаад, Эрдэм шинжилгээний төсөл, суурь судалгааны сэдэвт ажлуудыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, Судалгаа-шинжилгээний материал, үр дүнгээ гадаадын нэр хүнд бүхий хэвлэлд олноор нь нийтлүүлэх, Гадаад хамтын ажиллагаа, хамтарсан судалгааг өргөжүүлэх, ялангуяа залуу судлаачдыг гадаадын өндөр хөгжилтэй оронд суралцуулах, дадлагажуулах зорилтуудыг тавин ажиллаж буйгаа онцоллоо.

АУХ-д зүрх судас, мэдрэл, дотор, лаборатори, хавдар, эрүүл мэндийн удирдлага зохион байгуулалт гэсэн зургаан сектор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд дотрын өвчин судлал, мэдрэлийн удамшлын өвчин судлал, зонхилон тохиолдох хавдрын оношилгоо, эмчилгээг боловсронгуй болгох зэрэг чиглэлүүдээр судалгааны ажлуудыг хийж байна. Энд мөн лабораторийн шинжилгээ хийхээс гадна сургалт семинарыг жил бүр зохион байгуулдаг аж.

Сайд анагаах ухааныг хөгжүүлж дэлхийн түвшинд хүргэхийн тулд Монгол улсын бүх эрдэмтэн анагаах ухааны хөгжил хаана явна, хаашаа явах ёстой, юу хийх шаардлагатай вэ гэдгийг тодорхойлж хөгжлийн стратегийг гаргах хэрэгтэйг хэллээ. Иймээс тус хүрээлэнд ажлын хэсэг байгуулах үүргийг Сайд хүрээлэнгийн захиралд өгсөн байна.

Хүрээлэнгийн ажилтай танилцсаны дараа Сайд Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэрэгжиж буй төслийн ажлын гүйцэтгэлтэй танилцав.

ММСС-ийн хөрөнгө оруулалтаар Зүрхний төв, Тархины төв байгуулах төслийн хүрээнд 64 зүслэгт, орчин үеийн компьютерт томограф, дижитал ангиографийн аппарат, эрчимт эмчилгээний тасгийн тоног төхөөрөмжийг суурилуулах ажил хийгдсэн. Мөн ажиллах боловсон хүчнийг ММСС-аас сургаж бэлтгэсэн байна. Түүнчлэн тус эмнэлэгт ЭМЯ-аас 8 аппарат бүхий “Гемодиализын төв” байгуулахаар бэлэн болж шинжилгээнд орохоо хүлээж байна. Харин эм, эмнэлгийн хэрэгсэл, уусмалын зардалд төлөвлөгдсөн 34 сая төгрөгийг Сайд даруй шийдвэрлэж өгөхөө хэллээ.

Дараагийн очсон газар бол судалгаа, сургалт, үйлдвэрлэл, практик үйл ажиллагааг явуулахаар зохион байгуулалтад орсон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв. Тус төв нь 158 ажилтантай бөгөөд судалгаа шинжилгээг бусад салбаруудтай хамтарч хийдэг байна. Өнөөдрийн байдлаар энд 8 судалгаа хийгдэж байгаа хэдий ч тоног төхөөрөмж, орчин нөхцөл, барилга байгууламжинд хөрөнгө оруулалтын цогц шинэчлэл хийх зэрэгт төрийн бодлого зайлшгүй шаардлагатай байгааг тус төвийн ажилчид хэлж байв. Тухайлбал, орчны бохирдол ийм байна гэж ярихаас илүүтэйгээр хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг молекул, эсийн түвшинд бохирдол хэрхэн нөлөөлж байна гэдгийг судалж харуулах.

Тус төв хор судлалын чигглэлээр хийгдэж буй томоохон судалгаа шинжилгээний ажлын хүрээнд химийн бодис, хүний эм, бактери, вирус, мөөгөнцөр, ургамал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ, суурьшил, үйлдвэрлэл, ахуйн хүрээнд гарсан хордлогыг хүртгэн шалтгаан, цар хүрээг тогтоох, түүнээс урьчилан сэргийлэх арга хэмжээг удирдан зохион байгуулах, хүн амд нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох зэрэг Монгол улсын төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхийг зорин ажилладаг байна.

Цаашдаа зөвхөн эрүүл мэндийн салбартай бус мөн бусад салбаруудтай хамтран ажиллах, боловсрол, чадамжаа дээшлүүлэх зэрэг хэд хэдэн зорилтуудыг тавин ажиллаж байгаа аж.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш