logo
Баянзүрх дүүргийн иргэд эрүүл мэндийн нээлттэй хэлэлцүүлэг хийлээ

Баянзүрх дүүргийн иргэд эрүүл мэндийн нээлттэй хэлэлцүүлэг хийлээ

2013/02/21

“Эрүүл мэндэд иргэн таны оролцоо” сэдэвт эрүүл мэндийн нээлттэй хэлэлцүүлэг Баянзүрх дүүргийн хүрээнд өнөөдөр болж Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцон Шинэчлэлийн Засгийн газрын бодлогын хүрээнд хийж хэрэгжүүлж буй эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд хэрхэн ойртуулж буй талаар танилцуулж тэдний саналыг сонсов

Тэрбээр уулзалтын эхэнд эрүүл мэнд гэж юу болох, иргэн хүн хэрхэн оролцох, бусад салбарууд яаж оролцох талаар танилцуулж, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд иргэн болон гэр бүлийнхэн нь чухал үүрэг гүйцэтгэдгийг онцоллоо.

Эрүүл мэндийг тодорхойлогч олон хүчин зүйл байдгийн 55 хувь нь хувь хүний зан үйл, эрүүл мэндийн мэдлэг, эрүүл мэндийн тусламжийг ашиглах ур чадвар буюу амьдрах хэв маягаас хамаардаг, 25 хувь нь бусад салбартай холбоотой, 10 хувь нь удамшлаас хамааралтай, 10 хувь нь эрүүл мэндийн тогтолцоо, тэнд ажиллаж буй эмч, мэргэжилтнүүд, хэрэглэж буй багаж, тоног төхөөрөмж, арга зүйтэй холбоотой байдаг хэмээн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас судалгаа гаргасныг Сайд цохон хэлсэн юм.

Баянзүрх дүүрэг 124,4 га газартай, 70 194 айл өрх, 289 099 хүн амтай, гэр хороолол зонхилсон томоохон дүүргийн нэг юм. 2012 онд БЗД-ийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгаар нийт 5932 хүн осол гэмтлийн улмаас ирж үйлчлүүлсэн бөгөөд өндрөөс болон явганаас унах, хүчирхийлэлд өртөх, цахилгаан хэрэгсэл, гэр ахуй, үйлдвэрийн осолд орох, золбин болон айлын тэжээвэр нохдод хазуулах зэрэг нь бэртэл гэмтлийн гол шалтгаан нь болжээ.

Тус дүүргийн иргэд эрүүл мэндийн салбарын шинэчлэлд хувь нэмэр оруулах өөрсдийн саналаа хэлэхийн өмнө Сайдыг өөрийн биеэр хүрэлцэн ирж уулзалт хийж байгаад талархаж буйгаа дахин давтан илэрхийлж байлаа.

Өрхийн эмнэлгийн эмч нарын чадвар сул байна гэх хүн байхад үүнтэй санал нийлэхгүй, харин ч тэд цаг наргүй ирж үзэж, сэтгэл санаагаар дэмжиж явдаг гэх хэсэг хүмүүс эмч нартаа талархаж явдгаа илэрхийлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд сэтгэл хангалуун, эмч нараасаа сэтгэлийн дэм авдгаа хэлж байв. Тулгамдсан үед байр байшингаа барьцаалж эмчлүүлэх нөхцлийг бий болгох, Өрхийн эмнэлэгт ЭХО, зүрхний бичлэгийн аппараттай байх, эрүүл мэндэд муу нөлөө үзүүлж буй энд тэндэх жалга, хонхорт байгаа хогийг цэвэрлэдэг байх, гудамжинд угаадас асгахгүй болох нөхцлийг бүрдүүлэх, энэ талын сургалт, сурталчилгааг хэвлэл мэдээллээр дамжуулан иргэдэд хүргэх, мөн тус дүүрэгт ажиллаж буй эрүүл мэндийн сайн дурын 170 ажилтанг дэмжих зэрэг саналуудыг тэд хэлж байлаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш