logo
Алдаа /Хошин өгүүллэг/

Алдаа /Хошин өгүүллэг/

2013/02/21
Ангийн найз бол ангийн найз байдаг гэдэг "дурсгалын дэвтэр"-тээ дэндүү хайртай би нэг ангид арван жил тохой залган суусан дотнын найзтайгаа тааралдаад хоолонд урихаар нь татгалзаж чадсангүй... Сайн муу нэр зэрэг дуулж яваа шаггүй “наймаачин” найз маань " Саяхан би хятадуудтай лунжгар том наймаа хийлээ. Миний найз мөнгө төгрөгний хэрэг гарвал над руу утасдаарай. Төсвийн цалин “харсан” чамд амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломж тэр болгон таардаг бол уу даа. Санаж яваа хирнээ сачий хүрэхгүй “том” наймааны гарц олдвол надтай хамтарч ажилла. Надаас ичих хэрэггүй. Би чамайг ойлгохгүй бол хэн ойлгох билээ. Надад итгэж болно шүү" гээд  бүтэн жил хоолны бараа хараагүй хүнтэй тааралдсан мэт намайг ширээ дүүрэн хоол унд, архи дарсаар дайлав.

  Би “чухал” албан тушаалтай хүн болохоор жаахан цэнэсхийж байлаа. Эргэн тойрон сонин сэтгүүлийн "ядарганууд" байна уу гэж аминдаа хаяагаа манаж суув. Албаны баргар царайгаа анддаа харуулан, ар өврөөр холхих хүмүүст анзаарагдахгүй дүр үзүүлнэ. Зуу грамм биш лонх архи сулласаны дараа найз маань " Миний найз, санаа зовох хэрэггүй. Би чамаас тендер гуйхгүй. Харин чи миний гадаадад мах гаргах төслийг засгийн газрын хурлаар дэмжиж өгөөрэй" гэж хэллээ. Бид хоёрын хооронд ийм л яриа болсон. Товчхондоо энэ... Би за ч гээгүй, үгүй ч гээгүй, чиний материалыг эхлээд нэг харнаа гэж хэлсэн. Миний бөөрөнхий занг мэдэх анд маань ч ам хэлийг минь татсангүй тэгсгээд орхив...

 Тэгтэл маргааш нь хэрэг мандлаа. Сонин, сэтгүүл, сайт, блог ер нь мэдээлж болох бүх л мэдээлллийн хэрэгслээр " Авилгачны оройн зоог" нэртэй миний нэр төр, алба ажилд халтай "шар мэдээ " гэрэл зурагтайгаа цахилах нь тэр. Үүнээс болж хүү маань сургуулиасаа нулимсаа дуслуулан хөл нүцгэн буцаж ирэв. "

Авилгачны хүүхэд гээд автобусны кондуктор эгч чимхээд явуулахгүй юм. Сургууль дээрээ очтол " Авилгачны хүүхэд манай сургуульд сурах ёсгүй" гэж ангийн хүүхдүүд лоозон бариад зогсож байна... Миний пүүзийг гудамжны жаалууд "Авилгаар авсан пүүз" гээд сугалж аваад хашаа давуулаад шидчихлээ" гэж уйлав.

  Эхнэр амиа хорлоно гээд индүүний оосор шүүрэхэд нь арай гэж болиулав. Түүнийг гудамжинд явж байхад нь хэсэг залуучууд " Авилгачны эхнэрийн булган дээлийг ардын шүүхээр хурааж авлаа" гээд мултлаад авсан байгаа юм. Орцны ханаар дүүрэн " Өмхий авлигачид зайлвал таарна" " Муугаа мэдэхгүй авилгачид " " Орцоо авилгачидаас цэвэрлэе" гээд тосон будгаар баахан юм бичсэнийг нь гараа цэврүүтэл хусаж угаагаад арилгаж барсангүй гэнэ.

  Харин азаар би өглөөгүүр ажилгүй байсан тул өчигдөр оройн зоогондоо "пологтоод" босч чадахгүй жаал унтсан байлаа. Эхнэр хүү хоёр миний тухай бичсэн баахан сонин аваад ирж. Зурагтаа асаавал  "Авилгачинд алхах газар байхгүй" гэдэг нэвтрүүлгээр сайд ярьж байна. Уйлж унжсан эхнэр хүүхдээ чимээгүй болохыг гуйгаад сайдын яриаг би чих тавин сонслоо.

  Чшш... Чимээгүй бай даа... " Нөхөр ... хэн нь манай яаманд олон жил идэвхи зүтгэлтэй ажилласан хашир туршлагатай, удирдах ажилтан гэж бид боддог байсан... Хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа гэж. Хэрэв хэвлэлүүдэд гарсан мэдээлэл үнэн бол энэ хүнийг ийм зүйл хийсэнд манай яамны зүгээс уучлал хүсье. Хууль, цагдаагийнхан энэ хэргийг шалгахаас нааш надад хэлэх юм алга.
Мэргэжлийн байгууллагын дүгнэлт нотолгоо гарсаны дараа л энэ хүний үйлдсэн хэрэг тодохой болох байх" гэж ярилаа.

  Тэр даруй би сайд руу залгав. Сайд их ууртай байнаа...
-Та зөвөөр ойлгоорой. Тэр хүн чинь миний багын найз. Бид найз нөхдийн хувиар уулзсан...

-Хамгийн гол нь та хоёрын ярианы бичлэгийг тэр сурвалжлагч надад сонсгосон шүү. Тэгээд танай найз урьд нь нэг бус удаа бусдад авлига өгч байсан хүн байна...
  Надад хэлэх үг олдсонгүй. Юу гэж ч хэлэх билээ. Мөнгөний тусламж хэрэгтэй юү гэхэд нь толгой сэгсэрсэн. Миний зургыг мантгар хамрын нүхийг нь харагдтал хүчтэй дурангаар папарацдсан мөртлөө толгой сэгсэрч байгааг нь яагаад аваагүй юм бол?.. Тэгээд ч би түүний төслийг хурлаар оруулахад нь тусалъя гэж ам алдаагүй сэн... Дэлхий яахаараа дандаа бөөрөнхий байдаг байнаа. Хааяа бас зууван байж болдоггүй хэрэг үү... Утас дуугарлаа. Яаран автал Хөвсгөлийн тайгад амьдардаг аав маань ярьж байна...


-Сайн уу? Аав аа. Бие лагшин сайн уу?
-Юуны чинь сайн байх гэж. Даралт хоёр зуу хүрчихээд харвахаа хүлээгээд сууж байна... Чи чинь монгол даяар намайг "мандуулдаг" хүүхэд юм аа. Сая хотоос сурвалжлагч нар ирээд надаас ярилцлага аваад явлаа. Чамайг чинь лут том "авилгачин" болсон гэж ярьж байна. Чамайг би энэ хэдэн хүүхэд дотроос ном эрдэмтэй, хамгийн сүрхий нь гэж бодож явсан юм... Муу эцгийнхээ нэрийг "хөөдөж" явахаар энэ муу хөгшин эхээ чи бодсонгүй юү. Муу нэртэй луу данстай олны дунд нүүрээ улалзуулж нүдээ чичүүлж байхаар төрсөн нутагтаа ирж хэл амгүй цаагаа малла...гэж аав үгийн солиогүй "зайран"-дав.

-Та надад итгэхгүй байна гэжүү? Аав аа, хүү чинь "авлига" аваагүй шүү дээ... гэж би учрыг тайлбарлах гэтэл,
-Авсан гэж байнаа. Энэ радиогоор ч ярьж байна. Сурвалжлагч хүүхдүүд сонин авчирч өгсөн. Яачихсан хүүхэд гэж төрүүлж өсгөсөн эцэг эхийнхээ нүүрийг хүний нүүр харахгүй болтол амьдаар нь “түлдэг” юм бэ? Чамайг бид энэ хэдэн хүүхэд дотроос цахиур хагалж явна гэж бодож явсан. Тэгэхэд чи төрийн том яамны дарга хүн байж, малын хулгайчаас дор нэр "баастаад" явж байна. Аав нь нутгийн хөгшчүүлээс ичиж байна... Эсвэл хүү минь овог нэрээ сольдог юмуу?... Манай удам судар дотор “авилгачин” хүн ер дуулдаагүй. Чи л өвөг дээдсийнхээ нэрийг “хөөдөж” байна... уулын өөд хүнд даацын тэрэг хүч алдан салгалах адил амьсгаадан үгээ зөөв.
-Аав аа, би авлига аваагүй шүү дээ. Ангийн найзтайгаа тааралдаад уушны газар хоол идсэн чинь ийм асуудал гарчихлаа.

-Би цаад хүүхдийг чинь мэдэхгүй. Сонин сэтгүүл дээр “цоохорлуулж” явсан бүтэлгүй хүн гэж сонссон... Хүүгээ л “мэднэ” гэж бодож явсан чинь том эндүүрчээ. Миний хүү даанч яав даа. Өнөө маргаашгүй болсон эцэг эхийгээ амар үхүүлж үзээч. Сайн нэрийг хүсэвч олдоход хэцүү. Муу нэрийг хусавч үл арилна гэдэг дээ... Цагаан сараар манайд золгох хүн орж ирэх бол уу даа?...

-Аав аа... аав аа... Би авлига аваагүй... Та шар хэвлэлд итгэж огт болохгүй...
-Тэгээд хэнд итгэх үү? Төр засгийн хэвлэлд итгэхгүй би төрсөн эцэг эхийнхээ нэр нүүрийг барсан түмний “шившиг” болсон чамд итгэх болж байна уу? Өнөөдөр Монголын ард түмэн чамайг мэдлээ. Маргааш дэлхий дахинаараа мэдэх болно. НҮБ-ийн дарга мэдчихвэл хаашаа харж үхнээ... Далай лам сонсчихвол яана даа...

-Аав аа, та хэнд итгэхээ өөрөө мэд. Авлига аваагүйгээ батлахын тулд би амиа хорлодог юм билүү?... Өөрөөр өөрийгөө аврах арга алга...

-Хүү минь ээ, тэгж тэнэгтэж болохгүй шүү... Би яасан ч зөвшөөрөхгүй... Арван сар тээж ангир уургаа хөхүүлсэн ээжийгээ бодооч. Амьдын хагацал үзүүлж арьс махтай нь хатаасанд орвол “Авилгачин” хэвээрээ бай. Манай удамд байх ёстой л байсан юм байлгүй...
-Аав аа, би авлига аваагүй гэж танд хэд хэлэх вэ?...
-Чиний тухай шаазгай хүртэл шагширч байна. Цэнд удган хэнгэрэгээ дэлдээд их л цухлуу сууна. Нутгийн хөгшчүүл хойд Хайрханы овоог тахиж, чамайг хэл амнаас зайлуулах сурагтай. Цагаан сарын бэлэг цуглуулахаар Хөх хот явсан эгч чинь цаашаа Утай Гүмбэм явж чамд ном уншуулахаар болжээ. Ээж чинь сумын төв орж хийдэд мөргөхөөр цагаан сарын идээ будаагаа аваад морьдлоо...
-Аав аа, боль гэж хэлээч ээ... хүү нь авилга аваагүй. Манай яамнаас хэвлэлийн бага хурал хийлгэнэ гэсэн. Эрхбиш хийсэн хэрэг, хэлсэн үг байхгүй юм чинь үнэн мөн нь тодорч гарч ирэх бол уу?... Аав аа би “авилга” гэдэг юмыг чинь авахгүй гэж ам тангараг өргөсөн төрийн албан хаагч хүн шүү !!!...

-Хэзээ наад хурал чинь болох юм бэ?

-Сар шинийн баяр гээд хойшлогдчихлоо... Долоо хоногийн дараа...
-Баларчээ. Энэ сар шинээр тэгвэл “авилгачны аав” нэрээрээ “золгох“ нь байна шүү дээ...
-Аав аа, та “авлига” гэдэг үгээ март. Зүгээр л “авилгачин хүүгүй" гэж бодоод сар шинэдээ сайхан шинэлээрэй.

-За яах вэ, би нутгийн хэддээ андуурал эндүүрэл болж гэж хэлье. Харин чи өөрийгөө дараа нь авлига аваагүй гэдгээ нотолж чадна биз?
-Нотолно. Ардчилсан төр засаг байна. Авлига аваагүйг минь нотлоод өгнө. Гүтгэж гүжирдсэн хэргээр хөөрхий хэдэн хүн дээлээ нөмрөх байх даа зайлуул... Нэр төрөө сэргээж би нэхэмжлэгчийн хувьд хохирлоо төлүүлнэ. Овоо олон сая төгрөг нэхэмжилнэ дээ...

-Шинэ он солигдож байна. Миний хүү чинь могойтой ивээл юм шүү дээ. Билэг дэмбэрлээ бодоод “зөөлөн” хандаарай. Залуу улс аль алдахыг тэр гэх вэ?


-Юу? Та намайг “алдах”-ыг зөвшөөрдөггүй биз дээ?!!!...
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш