logo
Т.Аятунгаа: Охиноо л хурдхан олж авмаар байна

Т.Аятунгаа: Охиноо л хурдхан олж авмаар байна

2013/02/21
Саяхнаас Монгол Улсын иргэн Т.Аятунгааг хүний наймаа болон хар тамхины хэрэгт холбогдуулж, улс дамнан Интерполоор эрэн сурвалжилж байгаа гэх мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр тэрбээр хэвлэлийнхэнд хандлаа. Тэрбээр төрүүлсэн бяцхан үрээ алдаж, амьдын хагацалд унахын хажуугаар хилс хэрэгт гүтгэгдэж хохирогч болчихоод байгаагаа учирлав.

Т.Аятунгаа хүүхдийнхээ эцэгтэй 2011 оны долдугаар сард Монголд танилцаж улмаар өнгөрсөн оны есдүгээр сард Филиппин улсад охин болон ээжийнхээ хамт амьдрахаар очсон байна. Тэнд охиныхоо эцэг Чарльз Эргэн болон түүний найз болон туслах Эрик Финлэйн нарын хамт амьдарч байжээ. Эхэндээ тэдний харилцаа хэвийн байсан ч бүсгүйг жирэмсэн болсны дараа Чарльз Эргэн хүүхдээ бусдад үрчлүүлэх тухай ярих болсон байна.

Тэдэнд албан ёсны гэрлэлтийн баталгаа байгаагүй тул  Филиппинд очсоны дараа хурим хийсэн аж. Гэхдээ хуурамч гэрлэлт болсон хэмээн тэрбээр үзэж байгаа аж. Учир нь миний итгэлийг олох гэж ийм үйлдэл хийсэн. Тэр нь охиныг маань хулгайлах зорилгынх нь нэг алхам байсан байх хэмээн таамаглаж байгаа гэнэ.


Филиппинд очоод хоёр сар гаруйн дараа тэд охиныг нь хулгайлаад зугтсан аж. Үүнээс хойш бусгүй Филиппин, Монгол хоёр улсын хууль хяналтын байгууллагад хандаж охиноо хайж эхэлсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй байна. Өдгөө түүний гомдлын дагуу ХЭҮК шаардлагатай ажиллагаа явуулж, Гадаад харилцааны яам, Эрүүгийн цагдаагийн газар, Филиппин улсын Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагатай хамтран ажиллаж байна.

Т.Аятунгаа хэлэхдээ “Одоо гарч буй гүтгэлэгт хүүхдийнх нь эцэг хамаатай байж магадгүй хэмээн таамаглаж байгаа. Ямар санаа бодол агуулж, ийм үйлдэл хийснийг нь мэдэхгүй юм. Төрсөн эцэг нь хэрнээ эх үрийг салгаж, амьдын хагацал учруулж байгаа нь юу ч хийхээс буцахгүй хүн гэдгийг нь харуулж байна. Би охиноо дөнгөж таван сар гарантай байхад нь алдсан. Түүнээс хойш өдийг хүртэл сураг алга. Охиноо ямаршуухан байдалтай байгаа, амьд эсэхийг нь ч мэдэхгүй байна. Өдөр бүр зүүдэлж, сэтгэл санаа ч тайван байж чадахгүй байна. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагынхан үнэн бодит мэдээллийг олон нийтэд түгээж охиныг минь олж өгөхийг чин сэтгэлээсээ хүсье” гэлээ.


Гэхдээ бүсгүйн хувьд хүүхдийнхээ эцгийг олон улсын иргэншилтэй гэхээс өөрөөр ямар ч мэдээлэлгүй, бас үзүүлэх зураг ч байсангүй.

Дашрамд дуулгахад хүүхэд хулгайлагдсан байж болзошгүй асуудлыг холбогдох байгууллагууд шалгаж байгаа эгзэгтэй үед иргэн Т.Аятунгаагийн нэр төр, алдар хүндэд халдсан, сэтгэл зүйн дарамтад давхар оруулсан мэдээлэл цацахгүй байхыг хэвлэл мэдээллийн бүх байгууллагад хандсан уриалгыг ХЭҮК гаргажээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш