logo
Монгол-Европын Парламент хоорондын ээлжит уулзалт боллоо

Монгол-Европын Парламент хоорондын ээлжит уулзалт боллоо

2013/02/22
Энэ сарын 19-20-ны өдрүүдэд Бельгийн нийслэл Брюссель хотноо зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 9 дүгээр уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Европын Парламенттай харилцах бүлгийн гишүүн Д.Хаянхярваа, Ц.Оюунбаатар нар оролцлоо.

   Европын Парламентыг төлөөлж Европын Парламентын Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга ноён П.Бартолоззи тэргүүтэй тус бүлгийн гишүүд оролцжээ.

   Уулзалтаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Европын Парламентын Төв Ази, Монголтой харилцах бүлгийн гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ардчилал, хүний эрх, нийгэм, байгаль орчны асуудлаар харилцан санал солилцов. Европын Парламентын гишүүд Монгол Улсыг ардчиллыг хөгжүүлэх талаар бүс нутагтаа үлгэр дуурайлал болж байгааг сайшаан тэмдэглэсэн байна.

  Талууд Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулах Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрт ойрын хугацаанд гарын үсэг зурах нь чухал ач холбогдолтой гэдэгтэй санал нэг байлаа. Мөн Европын Комиссын Ерөнхийлөгч Х.М.Барросо 2013 оны 3 дугаар сард, Европын Комиссын дэд ерөнхийлөгч бөгөөд Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын Дээд төлөөлөгч К.Аштоны энэ оны 4 дүгээр сард Монгол Улсад хийхээр төлөвлөж буй айлчлал нь хоёр талын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхийг онцоллоо.

   Монгол Улсад Европын холбооны зах зээлийн эдийн засгийн статус олгох, Европын Холбооноос сайн засаглал, тогтвортой хөгжлийг дэмжин олгодог тарифын Хөнгөлөлтийн ерөнхий схемд Монгол Улсыг 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс шинэ журмын дагуу үргэлжлүүлэн хамруулахад Европын Парламентын зүгээс дэмжлэг үзүүлэхээр болсон байна.

   Уулзалтын хоёр дахь өдөр Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчдийг Европын Парламентын Дэд Ерөнхийлөгч Гиоргио Папастамкос хүлээн авч уулзав. Тэрээр манай талаас тавьж буй хүсэлтүүд, тухайлбал Монгол Улсыг Европын Холбооны “зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалт”-аас хасуулах асуудлыг анхааралдаа авч, нааштай шийдүүлэх талаар Европын Парламентын зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш