logo
УИХ-ын дарга БНАСАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга БНАСАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

2013/02/27
Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2013.02.26/ БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ри Чөл Гванг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд ноён Ри Чөл Гван Монгол Улсад Элчин сайдаар суух хугацаандаа хоёр улсын харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам хөгжүүлэхэд анхаарч ажиллаж ирснээ дурдлаа. Өнгөрсөн онд БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Чой Тэ Бок манай улсад айлчилсан нь хоёр орны найрамдал, хамтын ажиллагаа болон парламент хоорондын харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэрбээр онцоллоо.

    Манай улс БНАСАУ-тай хөдөө аж аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт илүү хамтран ажилладаг байна. Энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохионо. Ойн хүрээнд өндөр хэмжээний харилцан айлчлал зохион байгуулахаар төлөвлөж байгаа. 2012 оны сонгуулийн үр дүнд бий болсон шинэ УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг хойд солонгосчууд  мөн дэмжиж байгаа гэдгээ Элчин сайд илэрхийлж байв.

     УИХ-ын дарга З.Энхболд Элчин сайдын албаа амжилттай дуусгаад эх орондоо буцах болсон ноён Ри Чөл Гванд баяр хүргээд хоёр улсын хамтын ажиллагааг уламж хөгжүүлэх талаар санаачлагатай ажиллаж ирсэнд нь талархал илэрхийллээ. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд ач холбогдол өгч, зохих түвшинд тэмдэглэх саналтай байгаагаа мөн дурдав. Түүнчлэн хоёр орны хууль тогтоох байгууллага, парламент хоорондын хамтын ажиллагаа өргөжиж, найрамдлын бүлгийн харилцаа тогтмолжсныг тэмдэглээд цаашид парламентын гишүүдийн харилцан айлчлалыг тогтмолжуулж, хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо солилцож байх нь зүйтэй юм гэдгийг УИХ-ын дарга хэллээ.

    Өнгөрсөн оны сүүлчээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин БНАСАУ-д айлчилсан нь хоёр орны хууль сахиулах байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэж үзэж байгаагаа парламентын тэргүүн илэрхийлж байв.

    Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд ноён Ри Чөл Гвангийн цаашдын ажилд амжилт хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш