logo
Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

2013/02/27
УИХ-ын дарга З.Энхболд Дэлхийн банкны суурин төлөөлөгч хатагтай Корали Геберсийг өнөөдөр /2013.02.26/ хүлээн авч уулзав.

    Уулзалтын эхэнд хатагтай Корали Геберс УИХ-ын даргад хандан цаг зав гарган хүлээн авч буйд талархлаа илэрхийлээд Парламентын тэргүүнээр сонгогдон ажиллаж байгаад албан ёсоор баяр хүргэж, ажлын амжилт хүссэн юм.

   Тэд Монгол Улсын  нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал болон хоёр талын зүгээс ирэх жилүүдэд ямар асуудалд анхаарлаа хандуулж ажиллах талаар харилцан санал солилцлоо.

   Дэлхийн банкны зүгээс зээл тусламжийн өмнөх бодлогод зарчмын хувьд ихээхэн зөрүүтэй өөрчлөлт орохгүйг хатагтай Корали Геберс илэрхийлээд Улаанбаатар хотын захиргаатай нягт хамтран ажиллахаар болсноо УИХ-ын даргад дуулгалаа. Мөн Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, шинэ УИХ, Засгийн газрын шинэчлэл өөрчлөлтийн бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хэрхэн хангах талаар байр сууриа илэрхийлэв.

    УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын 2013 оны төсөв нь цаг хугацаа алдахгүйн тулд өмнөх парламентын инерцээр батлагдсан бол 2014 оны төсөв нь шинэ УИХ, шинэ Засгийн газрын бодлого оролцсон төсөв болж батлагдахыг онцолсон юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн эрх мэдлийг 2,5 дахин ихэсгэсэн. Тэр хэрээр ард иргэдэд хяналт тавих эрх мэдэл шилжиж байгааг дурьдаад төсвийн хөрөнгийг юунд зарцуулахаа ил тод мэдээлэх, хөрөнгө оруулалтын жагсаалтаа нийтийн мэдээллийн самбар дээр байрлуулж байх ёстой гэдгийг тодотгов. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө УИХ-ын намрын чуулганаар батлагдсан. УИХ-аас хөрөнгийн асуудлыг даруй шийдэж өгвөл хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хотын захиргааг Сонгинохайрхан дүүрэгт шилжүүлэхээр төлөвлөгдөж буйг УИХ-ын дарга З.Энхболд хэллээ.

    Ингээд уулзалтын төгсгөлд хатагтай Корали Геберс УИХ-ын даргыг хүлээн авч уулзсанд дахин талархлаа илэрхийлээд Дэлхийн банкны зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгдлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш