Эдийн засагчид, энэ хүрээнийхэн, шийдвэр гаргагчид, иргэний нийгмийн төлөөллүүд нэг дор цуглаад эдийн засгийн хөгжилд тушаа болж буй ямар асуудал байна, энэ асуудлаа хэрхэн давж гарах вэ гэдэгт гарц хайж хэлэлцүүлэг өрнүүлдэг “Монголын Эдийн засгийн форум 2013” ирэх гуравдугаар сарын 4, 5-нд Төрийн ордонд болно.
Дэлхий нийтийн асуудал болсон “Усны санаачилга”, “Төр хувийн хэвшлийн хоорондын хөгжил”, “Ногоон эдийн засаг ба ногоон хөгжил” гэсэн уламжлалт сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө. Гэхдээ энэ жилийн хувьд гол сэдэв нь “Монгол брэнд”. Форумын эхний өдрийн хуралдаан энэ сэдвээр дагнан үргэлжилж, “Эдийн засгийн төрөлжилт ба Монгол брэнд” нэгдсэн хуралдаан болж хүнс, үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт хэрхэн брэнд үйлдвэрлэх, дотоод болоод гадаадын хэрэглэгчдэд хүргэх, эдгээр үйлдвэрлэл хөгжихэд эдийн засгийн ямар хөшүүрэг хэрэгтэй болон хөдөлмөрийн зах зээл, хүний нөөцийн асуудал гэхчлэн үйлдвэрлэл тойрсон асуудлаар оролцогчид санал солилцоно.
Үйлдвэрлэл эрхлэхэд юу саад болж байна, хувийн хэвшлийнхний өмнө ямар асуудал тулгарч байна, төрийн албан хаагчид ямар саад учруулаад байгаа юм, судалгааны ажлаа ямар чиглэл рүү хандуулбал инновац болж чадах вэ гэдгээ эрдэмтэн судлаачид нээнэ, ямар боломж бололцоо байгаагаа хувийн хэвшлийнхэн олж харна. Нэг ширээний ард тэрбүр суугаад байдаггүй ийм хүмүүс нэгдэж цуглаад эдийн засгийн хөгжлийн төлөө хэлэлцүүлэг өрнүүлж чаддаг нь эдийн засгийн форумын гол ач холбогдол гэж эдийн засагчид дүгнэдэг.
Засгийн газар энэ чиглэлд ямар ажил хийхээр төлөвлөсөн талаараа форумын үеэр танилцуулна. Ингэснээр Монгол брэнд хэлэлцүүлгийн үр дүн гарсан уу, Засгийн газар амлалтдаа хүрсэн эсэхэд жилийн дараа дүгнэлт хийх боломж оролцогчид болоод иргэдэд олдоно. Тиймээс Монголын Эдийн Засгийн форум Шинэчлэлийн Засгийн газрын тунгалаг, нээлттэй үйл ажиллагааг дэмжсэн арга хэмжээ болж байна гэж зохион байгуулагчид үнэлж байна.
Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч хатагтай Лакшим, Голландын Ерөнхий сайд асан Вим Кок нарыг хүндэт хүндэт зочноор оролцох бөгөөд дэлхийн брэндүүд бий болсон түүхүүдийн талаар гаднын зочид сонирхуулахаар бэлтгэж байгаа юм байна. Монголын эдийн засгийн форумын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах болоод оролцох хүсэлтэй хүмүүс http://meforum.mn хаягаар хандаарай гэж зохион байгуулагчид зөвлөж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.