logo
УИХ-ын дарга З.Энхболд үндэсний чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв

УИХ-ын дарга З.Энхболд үндэсний чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв

2013/02/28
“Эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлого-шинэчлэл”
Үндэсний чуулганд

2013.02.27 Улаанбаатар хот

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчдөө,

Хатагтай, ноёдоо!

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан зохион байгуулж байгаа “Эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлого-шинэчлэл” Үндэсний чуулганд оролцохоор монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Монгол эмэгтэйчүүд эрт дээр үеэс төр засаг, нийгэм, эдийн засгийн харилцаанд чухал байр суурийг эзэлсээр ирсэн бөгөөд үүнийг төрийн үйл хэрэгт хатан ухаанаар оролцож ирсэн Өүлэн эх болон Мандухай зэрэг олон хатдын түүх гэрчилдэг. Өнөөдөр ч гэсэн олон сайхан эмэгтэйчүүд өрх гэрийн дотор үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийн зэрэгцээ улс орныхоо хөгжил дэвшилд гар бие оролцон төр, нийгмийн хариуцлагатай албыг хашиж байна. Нийгмийн олон салбарт эмэгтэйчүүд манлайлан ажиллаж байгаагийн дотор зөвхөн боловсрол, эрүүл мэндийн салбарт гэхэд ажиллагсадын 70-80 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь үнэхээр бахархалтай.

Жендерийн тухай болон сонгуулийн хуулийг шинээр баталж мөрдүүлсэнээр 2012 оны Улсын Их Хурлын сонгуулиар анх удаа 11 эмэгтэй Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдлоо. Мөн олон арван эмэгтэйчүүд аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдоод байна. Эмэгтэйчүүд аливаа асуудалд ажил хэрэгч, үнэнч шударга, бүтээлчээр ханддагийн үлгэр жишээг манай эмэгтэй гишүүд харуулж байгааг энэхүү зөвлөгөөн дээр онцлон тэмдэглэхэд таатай байна.

Эмэгтэйчүүд нь төрийн бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд эрч хүчтэй, идэвхитэй оролцох нь ардчилал амжилттай хөгжиж байгаагийн илэрхийлэл төдийгүй тэднээр дамжуулан эмэгтэйчүүдийн өмнө тавигдаж байгаа асуудлыг төр засгийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байгаа хэрэг юм.

Эмэгтэйчүүдийн өмнө шийдэх асуудал их байна. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд өсч 2011 оны байдлаар 81,3 мянгад хүрч, ганц биеэр амьдардаг ахмад настай эмэгтэйчүүдийн тоо эрчүүдийнхээс 2,17 дахин их байна. Гэтэл ахмад настнуудын гол орлого болсон тэтгэврийн хэмжээг нарийвчлан судалж үзэхэд ахмад настай эмэгтэй тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ эрчүүдийнхээс даруй 17,4 хувиар доогуур байна. Энэ мэтчилэн эмэгтэйчүүдийн талаар онцгойлон авч үзэх шаардлагатай олон асуудал байгааг энд цугларсан эмэгтэйчүүд та бүхэн шүүн ярилцах гэж байгаа нь чухал ач холбогдолтой юм.

Шинэчлэлийн Засгийн газар энэ онд Хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах цогц бодлого, Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиудыг шинэчлэн боловсруулж Улсын Их Хурлаар батлуулах зорилт тавин ажиллаж байна. Эдгээр хуулийн төслийг боловсруулахад энэхүү чуулганд оролцогч та бүгдийн санал, санаачлага чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Төрт ёсны олон зуун жилийн баялаг уламжлалтай Монгол Улсынхаа тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, улс орны хөгжил дэвшилд эмэгтэйчүүдийн оруулах хувь нэмэр жилээс жилд өсөн нэмэгдэнэ гэдэгт итгэл төгс байна.

Та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөе!



МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш