УИХ-ын чуулган завсарлаж, гишүүд тойрогтоо ажиллах улсын төсвөөс зувчуулсан тэрбум төгрөгөө үрэн таран хийсэн шигээ найр наадам хэсч, хувьсгалын гэхээсээ илүү хувийн Пи Ар-аа өсгөж явна. Тэдний нэг болох УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Говьсүмбэр аймгийн 15 жилийн ойд оролцох завсараа Сүмбэр сумын 10 иргэнд гэр өгөхөөр зэхсэн байхыг замаар өнгөрч явсан сэтгүүлч би олж харлаа. Хальт харахад өнгө зүс сайтай цоо шинэ гэр харагдах боловч дөхөж очоод харахад бүрээс, туурга нь багадсан, ширүүхэн амьсгалахад хийсээд явчихмаар хөгийн юм байх аж. Гэрийн мод, гадар дотор бүрээс гээд тэр чигээрээ хулхи иймэрхүү гэр хар зах дээр 200 мянган төгрөг хүрэхтэй үгүйтэй байдаг гэнэлээ. Ийм гэрэнцэрийг ядарсан иргэнийхээ амьдралыг өөд татаж, орох орон оочих аягатай болголоо гээд л шоудаж гардуулж өгөх нэрээр олны анхаарлыг татах гэж оролддог зуршил хаа саагүй бий. Түүний л нэгэн адил жүжиг Сүмбэр суманд тоглогдохоор зэхэгджээ. Орон гэр өөд татах бүү хэл орон гэртэй болж чадахгүй байгаа иргэд ямар мөнгөөрөө шинэ дээвэр туурга аваад амьдралаа аврах билээ дээ. Гишүүдийн өгсөн гэрийнх нь үнэнээс давсан үнэтэй дээвэр туургыг өвөлдөө хасах 35 хэм хүрдэг Монголын ядуус юугаараа авах вэ гэдэг асуулт өнөөх “гайхалтай” гэрийг хараад өөрийн эрхгүй бодогдоход хүрсэн. Өнгө зүс сайтай, дээвэр туурга чанартай боломжийн гэр ойролцоогоор 2-5 сая төгрөг байдаг гэж юм мэдэх хүмүүс ярьж байх юм. Тэгвэл 10 иргэнийх хулхидаж, баярлуулан гомдоож байхаар 10 гэрийнхээ мөнгөөр нэг айлд чанартай амьдрал бэлэглэх нь илүү буян болмоор. Мэдээж УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хулхидах санаа өвөрлөн Нарантуулаас навсгай гэр бөөндөөгүй байж таарна. Түүний мөнгийг, өөрөөр хэлбэл төсвийн хөрөнгөнөөс “туусан” мөнгийг нь авсан гэр нийлүүлэгч хулхидсан байж болох талтай. Тэглээ гээд ард түмний мөнгөөр ард түмэнд гэр авч бгч байгаа гэрийнхээ чанарыг шалгах сэтгэл нь дутсанаас 10 иргэн гэрийн навтсаар эрхэм гишүүний имижийг өсгөж, ирэх сонгуульд нэрийг нь дугуйлах үүрэг авч байгаа хэрэг болов. Ийм нэг өрөвдмөөр бизнес болсон, гэр өгдөг “мода”-г Ж.Батсуурь гишүүнээр нэг мөсөн өндөрлүүлбэл яасан юм бэ та минь. Улс төрийн “гэр” утгаа алдаж, иргэд хулхидуулж, доромжлуулж гүйцэх нь.
Ш.Булга www.shuum.mn
Ш.Булга www.shuum.mn