logo
“Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл: Нийгмийн хэвшмэл хандлага” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болно

“Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл: Нийгмийн хэвшмэл хандлага” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болно

2013/03/06
Хууль зүйн яамнаас зохион байгуулж байгаа “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл: Нийгмийн хэвшмэл хандлага” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг энэ сарын 6-ны 14.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д болно.

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх нь Хууль зүйн яамны эрх зүйн шинэчлэлийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг бөгөөд эрх зүйн орчин төдийгүй хэрэгжилтийн үе шат болгонд тухайн асуудалд анхаарал хандуулахаар бодлогоо боловсруулан ажиллаж байна.

 

 Шударга, үр нөлөөтэй, хүртээмжтэй хууль зүйн тогтолцоо нь хүний үндсэн эрхэд суурилсан, онцлог байдлыг нь тооцож үзсэн тогтолцоо юм. Ийм тогтолцоо жендэрт суурилсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогч болон гэрчийг хамгаалах, тэдэнд үйлчлэх, тогтолцооны бүхий л үе шатад жендэрийн сөрөг хандлагатай тэмцэж ажиллах ёстой.

 

Эмэгтэйчүүдийн эсрэг жендэрт суурилсан хүчирхийлэл нь хүний биологийн хүйс, түүнд суурилсан нийгэмд эзлэх байр суурь, эрх мэдлийн тэнцвэргүй байдалд дулдуйдан үйлдэгддэг. Эдгээр нөхцөл байдлуудыг тооцож үзээгүй нийгмийн тогтолцооны үр дагавар болсон хүчингийн гэмт хэрэг, ураг төрлийн хүчин, гэр бүлийн хүчирхийлэл, хүний наймаа, бэлгийн дарамт зэрэг гэмт хэргүүд нь ихэвчлэн далд хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд хууль тогтоомжийн зохицуулалтын асуудал нь жендэрийн тогтолцоог цогцоор харахыг шаардаж байдаг.

 

            Уг хэлэлцүүлгээр бодлого боловсруулагчид, холбогдох төрийн байгууллага болон иргэнийн нийгмийн байгууллагууд хамтдаа эмэгтэйчүүдийн эсрэг жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх бодлого, тогтолцооны асуудлыг нийгэм-соёлын суурь шалтгааны хамтад нь хөндөж хэлэлцэх зорилготой зохион байгуулж байна. Хэлэлцүүлэг сонирхсон хүн бүрт нээлттэй.


 Хууль зүйн яам

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш