Өнгөрсөн оны 12 дугаар сард худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газрын хоорондын комиссын арван зургаадугаар хуралдаан манай улсад болсон.
Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын монголын хэсгийн гишүүдийн хурал өнөөдөр болж зарим асуудлыг авч хэлэлцлээ. Энэхүү хуралдаанаар Монголын хэсгийн комиссын дарга бөгөөд, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва хоёр орны ЗГХК-ын хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлтийг ярилцаж, гүйцэтгэл нь тодорхойгүй байгаа зарим асуудлуудыг ажил хэрэг болгохыг санууллаа.
Тухайлбал “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг үүсгэн байгуулах Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийг шинэчлэх төслийг ондоо багтаан боловсруулах, төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн бэлтгэсэн төслийг эцэслэх, хоёр улсын харилцааны зарим асуудлыг судлан санал боловсруулах холбогдох арга хэмжээ авах үүрэг бүхий ажлын хэсгийн хурлыг хуралдуулахыг дэд ажлын хэсгүүдэд даалгасан байна.