Уулзалт болгон тухайн улс орныг сурталчилсан нэг онцлогийг сонгон авдаг бөгөөд энэ удаад Монголын соёл урлагийг танилцуулах, түүгээр дамжуулан зан заншил, ёс уламжлалаа сурталчлах үүднээс мэргэжлийн урлагийн эх уурхайн болсон Хөгжим бүжгийн коллежэд зохион байгуулагдлаа.
Гадаад харилцааны сайдын гэргий О.Нямцэцэг оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ Монголын соёл урлаг гадаад харилцаанд чухал ач холбогдолтой болохыг дурдан, дэлхийн соёл урлагийн хөгжилтэй хөл нийлэн яваа монголын авьяаслаг хүүхдүүдийг дэмжихэд Монгол дахь гадаадын ЭСЯ, дипломат албанд зүтгэж буй бүсгүйчүүд улам бүр хувь нэмрээ оруулахыг уриалсан юм.
Арга хэмжээнд гадаад орноос Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын эмэгтэй тэргүүн, тэргүүн нарын гэргий, Дипломат төлөөлөгчийн газрын эмэгтэй дипломат нар, Гадаад харилцааны дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарын гэргий нар оролцож, Хөгжим бүжгийн коллежийн сургалтын үйл ажиллагаатай танилцаж, сурагчдын урлагийн тоглолт үзлээ.
Энэхүү арга хэмжээ нь гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд таатай нөхөрсөг орчин бүрдүүлэх, улс орноо таниулах, дипломат корпус үйл ажиллагаагаа явуулахад аятай нөхцлийг бэхжүүлэх зэрэг ач холбогдолтой бөгөөд улс бүр өөрсдийн онцлогтойгоор зохион байгуулдаг дипломат ёслолын уламжлалт арга хэмжээ юм.