НЭМГ-ын Сэтгэц, дондолтын тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Ганцэцэгтэй хийсэн ярилцлага.
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, саяхнаас хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилт ямархуу байна вэ?
Хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас Эрүүл мэндийн байгууллага бүр тус хуулийг хэрэгжүүлж ажиллахад манлайлж оролцох, Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай албан бичиг Нийслэлийн эрүүл мэндийн газарт өгсөн. Үүний дагуу НЭМГ-ын даргын 19 дүгээр тушаал гарч бүх Эрүүл мэндийн нэгдэл, харьяа 29 байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарт хуулийг хэрэгжүүлж ажиллах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, тамхины хор уршгийн талаар иргэдэд танилцуулах зэрэг ажлуудыг үүрэг болгосон.
Хууль тогтоомж зөрчсөн хүнд хүлээлгэх хариуцлага өндөр санагдсан. Торгох арга хэмжээг хэн авах вэ?
Тамхины хуулийн зорилго нь торгох биш. Иргэдийг л утаат тамхинаас татгалзаж, дам тамхидалтаас сэргийлэх зорилготой юм. Иргэд хуулиа мэдэхгүй, сонсоогүйн улмаас тамхи татаж болох юм. Энэ тохиолдолд бид эхний ээлжинд хуулиа сурталчилж, зөвлөгөө өгнө. Хууль, тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн болон цахиргааны шийтгэлийг сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан, улсын байцаагч нар ногдуулна. Цаашид утаат тамхины хэрэглээг зохицуулахад олон нийтийн байцаагч томилон ажиллуулах ажил хийхээр төлөвлөж байгаа.
Шинэчилсэн хуулийн талаар болон зөвлөгөө авахыг хүссэн хүмүүс хаана хандаж болох вэ?
Зөвлөгөөг бүх дүүргийн ЭМН-ийн сэтгэц, наркологийн кабинетын эмч нар утсаар өгч байгаа. Мөн биеэр ирж зөвлөгөө авч болно. Цаашид тус кабинетэд зөвлөгөө өгдөг тусгай дугаар бүхий утас ажиллуулна.
Зөвлөгөө өгөхөөс гадна сургалт, сурталчилгаа нэлээн явуулж байгаа гэсэн. Ер нь хэчнээн хүн сургалтад хамрагдаад байна?
Хууль хэрэгжиж эхлэхээс өмнө дүүргүүднд сургалт явуулж эхэлсэн. Сургалтыг төрийн болон төрийн бус бүх байгууллагуудад явуулахыг НЭМГ-аас үүрэгдсэн. Мөн дүүргүүдийн ЗДТГ-тай хамтран явуулж байгаа бөгөөд одоогоор 1700 орчим аж ахуйн нэгж, хувь хүн сургалтад хамрагдсан байна. Үүнээс гадна томоохон байгууллагууд хууль сурталчилах сургалтыг өөрийн байгууллагадаа зохион байгуулах хүсэлт гаргаад байгаа. Мөн иргэдэд хуулийг сурталчилж, утаат тамхинаас татгалзахыг уриалсан сургалт, сурталчилгааны ажлыг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэх ажлыг хийж байна.
Тухайн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан байгууллагууд дотоод журамдаа өөрчлөлт оруулна гэсэн байсан. Энэ тал дээр байгууллагууд хэр идэвхтэй ажиллаж байна вэ?
Аж ахуйн нэгж, байгууллага хуульд заасны дагуу байгууллагынхаа дотоод дүрэмд өөрчлөлт оруулахыг заасан. Үүний дагуу зарим байгууллага, аж ахуй нэгж дотоод журамдаа өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд “Зөвшилцлийн гэрээ”-г бий болгожээ. Тухайн гэрээ нь хэвтэн эмчлүүлж буй хүн, эмнэлэг хоорондынх бөгөөд, тус гэрээнд иргэн эмнэлэгт утаат тамхи татсан тохиолдолд эмчилгээг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна гэсэн заалт оруулж өгсөн байх жишээтэй.
Эмчилгээг нь зогсооно оо?
Тийм ээ. Ингэснээр тухайн хүний тамхины хэрэглээ багасах, цаашлаад тамхинаас гарч ч болох юм. Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс үүнийг эсэргүүцэж байгаа юм алга байна лээ. Харин ч дуртай хүлээн авч байгаа. Яагаад гэвэл өөрт нь болон бусад хүмүүсийн эрүүл мэндэд тустай гэдгийг мэдэж байгаа хэрэг. Мөн бид эмчлүүлэгчиддээ зориулж утаат тамхины хор уршгийн талаар сургалт явуулж байгаа.
Цаашид гарах үр дүнг хэрхэн харж байна вэ. Аливаа шийдвэрийг дэмжих хэсэг байхад татгалзах хэсэг байдаг?