Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Монгол улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад хүрэлцэн ирсэн Олон улсын боловсролын Америкийн Консулын байгууллагын Ерөнхийлөгч Дэн Дэвидсон болон албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 1974 оноос хойш амжилттай үйл ажиллагаагаа явуулж буй тус байгууллага нь Ази, Европ, Ойрхи Дорнод болон зүүн өмнөд Европын орнуудад оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж, олон улсын боловсрол, урлаг соёл, гадаад хэл, инноваци, хувь хүний хөгжлийг дээшлүүлэхэд анхаарлаа хандуулан ажилладаг юм. Уулзалтын үеэр Олон улсын боловсролын Америкийн Консулын байгууллагын Ерөнхийлөгч Дэн Дэвидсон нийслэлийн ИТХ-ын даргад хүлээн авч уулзаж байгаад нь талархаад, цаашид Монгол, АНУ-ын нийслэлийн төр захиргааны болон тэргүүлэгч компаниудын удирдах албан тушаалтнуудтай туршлага солилцох, их дээд сургуулиудын хооронд хийх шинэчлэл, аргачлал, технологийг судалж, харилцан нэвтрүүлэх асуудлууд дээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ. Харин нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Олон жилийн туршлагатай Америкийн Консулын байгууллагын хүндэт Ерөнхийлөгч, төлөөлөгчдийн хамтаар Монгол улсад хүрэлцэн ирж, бидэнтэй хамтран ажиллах санал тавьж буйг сайшаагаад, цаашид хамтран ажиллахдаа таатай байх болно гэж хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.