Зүүн аймгуудыг урд хөрштэй холбоход гүүр болж буй тус боомтыг Замын-Үүдийн боомтын нэгэн адил үйл ажиллагааг нь өргөтгөж, эдийн засгийн үр өгөөжийг нь дээшлүүлэх шаардлагатай байгааг холбогдох албаныхан энэ үеэр УИХ-ын даргаас хүслээ. Учир нь манайхан Бичигтийн боомтоор урд хөршийн Улаанхад нэртэй муж руу нэвтэрч ихэвчлэн барилгын материал татдаг бөгөөд бараа материалаа Бичигтийн боомтоор оруулж ирэхэд 100 гаруй км бол Замын-Үүдийн боомтоор нэвтрүүлэхэд 300 гаруй км зам туулахад хүрдэг байна. Тиймээс Бичигтийн боомтоор дамжуулан тээвэрлэлт хийх нь зардал хэмнэх боломжтой аж.
Мөн Монгол Улс түүхий нефтиэ Өвөр монголын өөртөө засах орны Хөх хот руу гаргаж боловсруулан буцааж импортлох гэрээ хэлэлцээрийг холбогдох газруудтай хийж байгаа тул цаашдаа Бичигтийн боомтоор нефть экспортлох, импортлох асуудал ч тавигдаж таарах нь. Тиймээс боомтын үйл ажиллагааг өргөжүүлэх нь нэн чухал болоод байгаа аж. Мөн орон нутгийн удирдлага, иргэд ч Бичигтийн боомтыг аймгийн төвтэй холбосон хатуу хучилттай авто зам, түүнчлэн Сүхбаатар аймгийг Улаанбаатар хоттой холбох авто замыг 2016 онд ашиглалтад оруулна гэж хүлээж суух биш ойрын үед барьж ашиглах нь эдийн засгийн хувьд үр өгөөжтэй гэж үзэж буйгаа хэлж байлаа.
УИХ-ын дарга тэргүүтэй багийнхан одоо Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдтэй уулзан УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэсэн хууль, тогтоолын талаар мэдээлж, иргэд сонгогчидтой санал бодлоо хуваалцаж байна.
УИХ-ын дарга эндээсээ Дорнод аймгийн Матад сумаар дайрч, маргааш нийслэлийн Багануур дүүрэгт ажилласнаар энэ удаагийн томилолтоо өндөрлөх юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.