Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорноговь аймгийн Бизнес инкубатор төвийн үйл ажиллагаатай танилцлаа. 2012 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр энэ төвийг байгуулсан бөгөөд бизнес эрхлэгчдэд үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгөх, хөнгөлөлттэй нөхцөлөөр ажлын байраар хангах, үзэсгэлэн худалдаанд хамруулах, зуучлах үйлчилгээ үзүүлдэг аймгийн хэмжээнд анхдагч байгууллага юм.
Одоогийн байдлаар энд 16 “бойжигч” буюу анхлан бизнес эрхлэгчид, бизнесээ өргөжүүлэхийг хүсэгч хувь хүмүүс ажиллаж байна. Сийлбэр, арьсан урлал, оёдол, эсгий болон буриад гутал урлал, нарийн боовны чиглэлээр тэдний бизнесийг өргөжүүлэн, цаашид хоршоо нөхөрлөл хэлбэрээр зах зээлд гаргахыг тус төвийнхөн зорьж байгаа аж.
Өөрийн гэсэн байртай болох нь энэ төвийнхний өмнө тулгамдсан гол асуудал гэнэ. Жилийн нийт төсөв болох 60 сая төгрөгийнхөө 15 саяыг түрээсийн зардалд төлж байгаа нь төвийн үр дүнтэй үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. Иймд энэ асуудлыг анхаарч үзэхийг Бизнес инкубатор төвийн захирал Ц.Ариунцэцэг Ерөнхий сайдад уламжиллаа. Харин барилгын санхүүжилт нь шийдэгдвэл газар ашиглах эрхийг үнэ төлбөргүй олгохоо аймгийн Засаг дарга П.Ганхуяг дуулгасан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.