logo
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Сайн багаж, чадварлаг боловсон хүчинтэй бол иргэд нийслэл рүү явах шаардлагагүй

Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Сайн багаж, чадварлаг боловсон хүчинтэй бол иргэд нийслэл рүү явах шаардлагагүй

2013/03/13

Дорноговь аймагт ажиллаж буй Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. 1931 онд орос эмч нар ирж ажилласнаар түүхээ бичиж эхэлсэн тус эмнэлэг 1992 оноос хойш ОХУ-ын тусламжаар баригдсан эмнэлгийн зориулалтын барилгад үйл ажиллагаа явуулж байна. 248 орон тоо, 160 ортойгоор ажилладаг Нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн үзлэг сүүлийн 5 жилд 18 хувиар өссөн бол алсын дуудлага 9 хувиар буурчээ. Мөн 2006 оноос хойш эхийн эндэгдэл гаргаагүй, перинаталь эндэгдэл тууштай буурсан зэрэг эерэг үзүүлэлт олныг дурьдсан. 

Говийн ус, шорооноос шалтгаалан шүд, нүдний өвчлөл энэ аймагт элбэг учир дээрх чиглэлийн оношилгоо, эмчилгээний тасгууд багагүй ачаалал үүрдэг байна. Харин нийслэл рүү явж эмчлүүлдэг байсан зүрх судасны чиглэлийн өвчтөнүүдээ Дорноговийн нэгдсэн эмнэлэг өөрсдөө бүрэн оношилж эмчлэх боломжтой болжээ. Ийм оноштой өвчтөнүүдийнхээ 60 хувийг орон нутагтаа эмчилдэг болсон нь сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжтэй болсонтой нь холбоотой гэнэ.

Мөн тус эмнэлэгт дүрс оношилгооны тоног төхөөрөмжүүд ирсэн ч зарим нь захиалсан шаардлагад нийцээгүй, эсвэл зөвшөөрөл лицензээ аваагүйн улмаас одоогоор бүрэн ашиглагдахгүй байна. “Тендер шалгаруулалт нэрийн дор төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг байсны тод жишээ Дорноговийн нэгдсэн эмнэлэгт ч байгааг энэ дүр зураг харууллаа. Тендертэй холбоотой бүх асуудал нэг дээвэр дор орж байгаа учир цаашид оролцогч хувийн компаниудын эрх ашгийг иргэдийнхээс дээгүүрт тавьсан ийм хариуцлагагүй байдал үргэлжлэхгүй. Тэр дундаа эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэлтийг хатуу шаардлага дор явуулна” хэмээн Ерөнхий сайд хэлсэн. 

Тус эмнэлэгт яаралтай шийдвэрлэх хэрэгтэй, хөрөнгө төсөв шаардсан хэд хэдэн асуудал байгааг эмнэлгийн дарга Ц.Алтанцэцэг Засгийн газрын тэргүүнд дуулгалаа. Эмнэлгийн бохирын шугам муудсан, тоног төхөөрөмж хуучирсан, яаралтай тусламжийн 10 автомашины 3 нь үйлчилгээнд ашиглах боломжгүй болсон, үлдсэн 7-д нь засвар тордолгоо ихээхэн шаардлагатай гэнэ. Өөр нэг асуудал байгаа нь халдварт, сүрьеэгийн тасгийн байршлын тухай юм. Дээрх тасгууд салхины ноёлох талд байрлаж байгаа нь эмнэлгийн үйлчилгээний стандартад тохирохгүй байгаа аж. Хоёрдогч шатлалын тусламж үзүүлэхэд хүндрэл учруулж буй эдгээр асуудлын зэрэгцээ Нэгдсэн эмнэлэгт сургалтын зардал огт тавигддаггүй, ресденсын сургалтын хугацаа урт болж байгаа нь бовсон хүчнээ бэлтгэхэд бэрхшээлтэй байгааг учирласан юм. 

“Сайн багаж, чадварлаг боловсон хүчинтэй бол иргэд нийслэл рүү явах шаардлагагүй гэдгийн жишээг танай эмнэлгийн зүрх судасны чиглэлийн тоног төхөөрөмжийн үр дүн харуулж байна” гэж Ерөнхий сайд тодтгоод, Дорноговийн Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай байгаа цөөнгүй тоног төхөөрөмжийг төсвийн хөрөнгөөр авч өгөхөөр шийдвэрлэснийг энэ үеэр эмнэлгийн хамт олонд хэллээ. Харин сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүд дээр ажиллах чадварлаг боловсон хүчнээ бэлэн байлгахыг Ерөнхий сайд даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш