Ерөнхий сайд мөн энэ өдөр Дорноговь аймагт мэргэжилтэй ажилтан бэлтгэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүнтэй танилцахаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд очлоо.
Тус төв 1986 онд Улаанбаатар хотын барилгын 1-р дунд сургуулийн салбар болон байгуулагдаж, өнгөрсөн хугацаанд барилга, хөдөө аж ахуйн 20-иод мэргэжлээр 1600 гаруй мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэжээ. Одоо онолын 11, лабораторийн 4 кабинет, дадлагын 5 байр, дотуур байр, соёлын танхим зэргийг багтаасан цогцолбор хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мэргэжлийн ангиудын дадлагын орчинг сайжруулах алхмуудыг тасралтгүй хийж, эксковатор, суурин өрөм, цахилгаан холболтын самбар, мужаан, гагнуурын багаж, баяжуулалтын иж бүрэн хэрэгсэл зэрэг багагүй үнэ өртөгтэй тоног төхөөрөмжүүд суурилуулсан байна. Ийнхүү танхимын лекц биш дадлага давамгайлсан сургалтын бодит орчин бүрдүүлж чадсан үзүүлэлтээрээ улсын хэмжээнд үнэлэгдэж, 2008 оны "Сургалтын шилдэг орчин бурдүүлсэн сургууль", 2011 онд "Санхүүгийн шилдэг менежменттэй сургууль"-иар тус тус шалгарсан аж.
Сургалтын төвийн танхимуудад барилга барьж, мод зорж, цахилгаан хөрөө дуугарч, хоол хийж ханхалж байгаа нь суралцагсад хичээллэж байгаа дүр зураг. Залуу, дунд, ахимаг гээд нас насныхан зэрэгцэн суралцаж байгаа нь эндээс онцлон анзаарах өөр нэг дүр зураг байв. Суралцагсаддаа насны хязгаар тавихгүй, 1-2 жилийн дотор мэргэжилтэй ажилтан болгон гаргадаг энэ төв хувийн хэвшлийн 70 гаруй байгууллагатай хамтран ажиллаж, төгсөгчдийнхөө 90 гаруй хувийг ажлын байртай болгожээ. Мөн үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх төслийн хүрээнд хичээллэж буй хүнд машин мехапизмын оператор, засварчин, гагнуур, цахилгаанчны мэргэжлийн ангийн төгсөлтийн өмнөх үйлдвэрлэлийн дадлагыг уулын үйлдвэр, автозам засвар арчлалтын ажил, нүүрсний уурхай дээр хийдэг болжээ.
Ийнхүү суралцах хугацаандаа сурч буй мэргэжлийн дагуух тоног төхөөрөмж дээр дадлага хийснээр төгсөгчид нь, ажил олгогчийн хүсэл шаардлагад бүрэн нийцэх сайн мэргэжилтэн болж чаддаг байна. Сүүлийн жилүүдэд Оюутолгой, Таван толгой, Сайншанд аж үйлдвэрийн парк, Өргөн сум дахь цементийн үйлдвэр, "Билгэх говь" нүүрсний уурхай, Монголын алт ХК зэрэг томоохон төсөл хэрэгжүүлэгч, ажил олгогчидтой хамтран ажиллаж байгаа нь тус төвийн сургалтын чанар, төгсөгчдийн чадварыг илтгэж байгааг удирдлагууд нь тодотгож байлаа. Эдгээр захиалгыг биелүүлж уул уурхайн мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд дадлагын байр хүрэлцэхгүй байсан тул барилга, сантехник, гагнуур, цахилгаанчин, мужааны ангийн багш, суралцагчдын хүчээр 2012 оны 5 дугаар сараас дадлагын шинэ байр барьж эхэлжээ. Үүнийгээ энэ ондоо багтааж дуусгахаар ажиллаж буйн зэрэгцээ 120 хүүхдийн дотуур байрыг удахгүй эхлүүлэх аж. Цаашид нэмж спортын цогцолбор барих шаардлагатай байна хэмээн тус төвийн дарга Э.Дэлгэрбат ярьсан.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг тус төвийн ажлыг сайшааж, цаашид Дорноговь аймгийн хэмжээнд эрчимтэй өрнөх бүтээн байгуулалтын салбарт шаардагдах мэргэжилтэй ажилчид бэлтгэхэд анхаарлаа хандуулахыг захилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.