Онцгой байдлын ерөнхий газраас 18 аймгийн 97 сум зудын байдалтай байгаа хэмээн мэдээллэсний дагуу Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс баг гарч Өвөрхангай, Завхан, Увс аймгуудад 2013 оны 2 дугаар сарын 16-27-ны өдрүүдэд ажиллаад ирлээ.
Тус ажлын хэсгүүд хэт хүйтэрч, цас их орсон 20 суманд ажиллаж аймаг, орон нутгийн нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцсан байна. Ингэхдээ эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 375 дугаар тушаал болон зудын бэлэн байдал, шуурхай авах арга хэмжээний тухай Эрүүл мэндийн сайдын албан даалгаврын хэрэгжилттэй танилцан аймгуудын ЗДТГ, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн газрын удирдлагууд холбогдох мэргэжилтнүүд, нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвийн эмч, ажилчидтай санал солилцжээ.
Сумдууд хангайн бүсэд байрладаг уул, хад асга ихтэй, нуураар хүрээлэгдсэн өвөлдөө цас их ордог, аймгийн төвөөс 90-ээс дээш км алслагдан оршдог байна. Сумын малчид өвөлдөө ууланд өвөлждөг, цас хунгар ихтэй тул уулын бэлийн замаар явах боломжгүй бөгөөд бартаа ихтэй замаар уулын оройг сүлжин явж эмнэлгийн тусламж үзүүлдэг аж.
Дуудлагаар явахад цас ухах ажилтнаар 1-2 хүнийг авч явдаг бөгөөд нэг дуудлагад зарцуулах хугацаа цасны зузаанаас хамаарч 5-10 цаг байдаг. Сумын эмнэлгийн автомашины дугуй, аккумлятор, амортизатор зэрэг эд ангиуд амархан мууддаг, бензин их хэрэглэдэг бөгөөд урсгал зардал ердийн үеийнхээс 3-5 дахин нэмэгдсэн. Сумын төвөөс 5 км радиуст байрлах айлд очихын тулд 8 км замаар уулаар тойрох, цас хунгарт суух болон уул өөд өгсөх зэрэг бартаат замаар явахад 1 км-т 40-60 литр шатахуун зарцуулжээ. Одоогоор сумдууд дунджаар 1,5 сая төгрөгийн автомашины сэлбэг, шатахууны өртэй болсон байна.
Болзошгүй гамшиг, газар хөдлөлт, осол, онцгой байдлын үеийн бэлэн байдлыг хангах үүднээс шаардагдах санхүүжилтийг төсвөөс шийдвэрлүүлэх, хүний эрүүл мэнд, аюулгүй байдлын талаар асуудлыг нэмж тусгах, ЭМБ-ын аюулгүй найдвартай ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийх, гамшиг ослоос иргэд, үйлчлүүлэгчид, эрүүл мэндийн ажилтнуудыг хамгаалах, тэдний аюулгүй байдлыг хангах, тэдгээрийг хамгаалах, сургах, аюулгүй найдвартай ажиллагаатай эмнэлэг бий болгох хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, гамшигт тэсвэртэй эмнэлгийн барилга, байгууламж барих, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, салбар дундын харилцан ажиллагаа, төр болон олон улсын байгууллагын хүмүүнлэгийн туслалцааны эрүүл мэндийн кластерийн үйл ажиллагааг сайжруулах зэрэг чиглэлээр ажиллах шаардлагатай гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж байлаа.
Нөгөө талаар иргэдийн оролцоо, иргэн, өрх бүрийн бэлэн байдал чухал бөгөөд хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, иргэдийн анхны тусламж үзүүлэх мэдлэг, дадлыг нэмэгдүүлэх, гамшгийн мэргэжлийн байгууллагаас гаргасан зудын тодорхойлолтод байгаль цаг уурын хүндрэлтэй байдал, малын хорогдлоос гадна цас их унадаг, байгалийн гамшиг тохиолддог аймаг, сумдын урсгал зардлыг бодит нөхцөл байдалтай нь уялдуулж тооцдог болох, түргэн тусламжийн автомашиныг шинэчилж байх, илүү цагийн урамшуулал тооцох, сумын төсвийг хүн ам, малчдын нүүдлийн шилжилт хөдөлгөөний онцлогийг харгалзаж тооцдог болох, нүүдлийн багийн эмнэлгийг ажиллуулах, багийн эмч нарын тоог нэмэгдүүлж, сургалтад хамруулж байх, нийгэм сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтэн бэлтгэх зэрэг асуудлуудыг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд хөндөн тавьсан байна.
Энэ үеэр нэн шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл, нярайн утлагын аппарат, өвчтөний хяналтын аппарат, жин, өндөр хэмжигч зэрэг 9 нэр төрлийн 20 орчим сая төгрөгийн багаж хэрэгслийг, иргэдэд зориулсан 5 төрлийн 6000 ширхэг сэтгэлзүйн гарын авлагыг Эрүүл мэндийн төвүүдэд хүлээлгэн өгсөн нь иргэдийн сэтгэлд нийцсэн зөв ажил болжээ. Мөн явсан газруудад эх барих, мэдээгүйжүүлгийн эмч нар шаардлагатай байсан тул эмч нарыг яаралтай томилон явуулжээ.
Энэхүү ажлын үр дүнд зудтай байгаа зарим сумдын Эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээ хэрхэн хүрч байгааг үнэлэх, гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны зүгээс авах арга хэмжээний чадавхийг сайжруулах аж.
Ажлын хэсэгт ЭМЯ-ны БХЗГ-ын дарга Д.Мөнхбат, ЭТХ-ийн ахлах мэргэжилтэн Ч.Баярмаа, ЭМХТ-ийн албаны дарга Г.Ганбаатар нараар ахлуулсан гурван баг, аймгуудын Эрүүл мэндийн газар болон сумдын ЭМТ-ийн ажилчид багтсан байна. Тус аймгуудад ажилласан санхүүжилтийг ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан гаргасан бөгөөд асуудлыг шийдвэрлэх үүднээс нарыг орон нутагт дутагдалтай байгаа төрөлжсөн мэргэжлийн эмч, ажилчдыг томилон ажиллуулах зардлыг НҮБ-ын Хүн амын сангаас санхүүжүүлж байгаа аж.