logo
Нью-Йоркт хийжүүлсэн ундааны хоригыг цуцаллаа

Нью-Йоркт хийжүүлсэн ундааны хоригыг цуцаллаа

2013/03/13
Өнгөрсөн оны 9-р сард Нью-Йорк хотод ресторан, зоогийн газар болон бусад үйлчилгээний газруудад 473 миллиграмм ба түүнээс их сахарын агууламжтай хийжүүлсэн ундаа худалдаалахыг хориглосон. Тэгвэл энэхүү хоригийг саяхан тус хотын шүүх хүчингүй болгосон байна. Харин үүний хариуд Нью-Йорк хотын захирагч Майкл Блумберг даваа гаригт хэвлэлийн бага хурал хийж, шүүгчдийн гаргасан энэхүү шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө чадах бүхнээ хийхийг хичээхийн оронд ийм хариуцлагагүй, алдаатай шийдвэр гаргаж байгааг буруушааж, давж заалдах болно гэдгээ хотын захирагч Майкл Блумберг мэдэгдлээ. Хотын албаныхны болон бусад хүмүүсийн дургүйцлийг хүргэсэн энэхүү шийдвэрийн талаар Нью-Йорк хотын Дээд шүүхийн шүүгч Милтон Тинглин мэдэгдэхдээ “Ресторан, зоогийн газар, кино театр, цэнгэлдэх хүрээлэн болон бусад үйлчилгээний газруудад 473 миллиграмм ба түүнээс дээш сахарын агууламжтай хийжүүлсэн ундаа худалдаалахыг хориглох ноён Блүнбергийн төлөвлөгөө ямар ч ор үндэслэлгүй” хэмээн мэдэгдэж, энэ хориг мягмар гаригаас эхэлж цуцлагдана гэдгийг зарлажээ. Мөн түүгээр ч зогсохгүй шүүгч Милтон хотын захирагч Блүнбергийг өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж, дураараа аашилж байна хэмээн үзсэн байна. Сахарын агууламж өндөртэй хийжүүлсэн ундаа олон нийтийн газар худалдаалахыг хориглосон энэхүү шийдвэр өнгөрсөн 9-р сард гарсныхаа дараа хийжүүлсэн ундаа үйлдвэрлэгчдийн зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан. Үүний дотор McDonald, Coca-Cola зэрэг нэртэй компаниуд хэрэглэгчдийн сонголт хийх эрхэнд халдсан хориг хэмээн хүчтэй эсэргүүцэж байсан юм. Нью-Йорк хотын эрүүл мэндийн газрын дэмжлэгтэйгээр гаргасан уг хоригийг зөрчсөн аж ахуй нэгж, хувь хүн болон албан байгууллагад 200 америк долларын торгууль ноогдуулах байсан ч ирэх 6-р сар хүртэл торгууль ноогдуулахгүй байхаар шийдвэрлэж байсан. Нью-Йорк хотын удирдлагуудын мэдээлснээр тус хот жил бүр 4 тэрбум америк долларыг илүүдэл жинтэй хүмүүсийн эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулдаг байна. Мөн Нью-Йорк хотын оршин суугчдын найман хүн тутмын нэг нь таргалалтаас үүсдэг чихрийн шижин өвчинтэй байдаг бөгөөд үүний гол буруутанг хийжүүлсэн ундаа гэж үздэг байна. Түүнчлэн тус хотын насанд хүрэгчдийн 58 орчим хувь нь илүүдэл жинтэй эсвэл тарган байдаг ажээ.

Д.Амар
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш