Нью-Йорк хотын цагдаагийн офицер эхнэр болон бусад охид эмэгтэйчүүдийг алаад, хоол хийж идэх гэж байсан хэрэгт буруутгагдлаа. “Махчин цагдаа” хэмээн Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэх болсон Гилберто Валлыг эхнэрийнх нь тусламжтайгаар өнгөрсөн оны 10-р сард баривчилсан. 28 настай Валле одоо шоронд хоригдож байгаа бөгөөд 6 дугаар сард түүнд ял оногдуулахаар болоод байна. Харин Валлын өмгөөлөгч түүнийг “Санаанаасаа зохиосон хийсвэр төсөөллөө интернетээр бусадтай хуваалцсан болохоос биш, амьдралд хэрэгжүүлэх гээгүй” хэмээн хамгаалжээ. Нью-Йоркын Манхэттен дүүргийн прокурор Хадасса Ваксман цагдааг “Төсөөллийн ертөнцөөсөө давж, жинхэнэ бодит ертөнц рүү нэвтэрч өөрийн төлөвлөгөөнд дурьдагдсан зарим эмэгтэйчүүдтэй холбоо тогтоосон” хэмээн мэдэгдсэн байна. Мөн тэрээр албан тушаалаа ашиглаж цагдаагийн мэдээллийн санд хууль бусаар нэвтэрч, эмэгтэйчүүдийн хувийн мэдээллийг цуглуулсан хэмээн буруутгагдаад байгаа юм. “Цагдаагийн офицер нэгэн эмэгтэйг хулгайлж, оронд нь 5000 америк доллар авахаар төлөвлөж байснаа хүлээн зөвшөөрсөн” хэмээн прокурор хэлж байлаа. Үүгээр ч зогсохгүй Валле янз бүрийн сайтуудаар орж бөх бат олс уяа хаанаас олж авахыг болон мэдээ алдуулах бодис хэрхэн бэлтгэх талаар судалж байжээ. Мөн эмэгтэйчүүдийг хэрхэн хүчирхийлэх болон хүний биеийг яаж чанах талаарх мэдээллүүдийг эрж хайж байсан нь тогтоогдсон. Анх Валлигийн эхнэр 27 настай Кэтлин Манган нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгснөөр түүний бүх зүйл ил тод болсон юм. Эхнэр нь нөхрийнхөө компьютероос хүмүүсийг тамалж алах талаарх олон мянган захидлыг олж, уншжээ. Түүний уншсанаар нөхөр нь өөрийг нь “хөл гарыг нь хүлж байгаад, хоолойг нь огтлоод, цусыг нь гоожихыг харна” хэмээн бичсэн байжээ. Мөн хоёр бүсгүйг нэг нэгнийх нь нүдэн дээр хүчиндэж айлгахаар төлөвлөсөн байна. Бас нэг эмэгтэйг амьдаар нь шарахаар төлөвлөжээ. Мягмар гаригт болсон түүний шүүх хурал дээр “Валле Гилбертог гэмт хэрэг үйлдэхийн тулд эмэгтэйчүүдийг хулгайлахаар тусгайлан төлөвлөж байсныг тогтоолоо. Тиймээс түүнийг буруутай гэж үзсэн” хэмээн Нью-Йоркын Southern дүүргийн хуульч мэдэгдлээ. Харин Валлигийн өмгөөлөгч Жулиа Гатто “Интернет бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх индэр. Хүмүүсийг муухай зүйл бодсоных нь төлөө яллаж болохгүй” хэмээн үйлчлүүлэгчээ хамгаалсаар байна. Энэхүү хэргийг мөрдөн шалгах яцдаа цагдаагийн ажилтнууд Валлигийн онлайн холбоотон болох хоёр эрийг өнгөрсөн сард Англиас баривчилсан юм. 57 болон 30 настай хоёр эрийг одоогоор батлан даалтаар суулласан боловч хэргийг мөрдөн шалгах үйл явц үргэлжлүүлсээр байна.
Д.Амар
Д.Амар