Өнгөрсөн оны 7-р сард Колорадо мужийн Аврора хотын кино театрт гал нээж 12 хүний аминд хүрч, 58 хүнийг шархдуулсан хэрэгт буруутгагдаад байгаа Жеймс Холмсын шүүх хурал боллоо. Мягмар гаригт болсон шүүх хурлаар Колорадо мужийн шүүх түүнийг гэм буруугүй болохыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Учир нь Холмсын өмгөөлөгч түүний сэтгэцийн өвчтэйг харгалзан үзэж, шүүхээс цагаатгах хүсэлт тавьжээ. Мөн өмгөөлөгч нь үйлчлүүлэгчээ хэрэг хүлээхэд бэлэн биш байгааг, хэзээ бэлэн болохыг хэлж мэдэхгүй болохоо мэдэгдсэн байна. 25 настай Жеймс Холмсд шүүхээс ялын дээд хэмжээ буюу цаазаар авах эсвэл бүх насаар нь хорих ялаар шийтгэх магадлалтай байгаа юм. “Холмс хичнээн хүсэлт гаргасан ч тэр яллагдах л болно. Хэрэв шүүхээс түүнд ялын дээд хэмжээ өгвөл 4-р сарын 1-нд зарлагдана” хэмээн тус мужийн прокурор мэдэгдсэн байна. Жеймс Колорадо нь өнгөрсөн оны 7-р сарын 20-нд Америкийн нэгдсэн улсын Колорадо мужийн Аврора хотын кино театрт Бэтмений шинэ цуврал киноны нээлтийн үеэр үзэгчид рүү гал нээж олон хүний аминд хүрч, шархдуулсан. Холмс Колорадо мужийн Денвер хотын Их сургуульд докторантад сурч байсан бөгөөд хэрэг гарахаас нэг сарын өмнө хичээлдээ явахаа больсон ажээ. Тэрээр багагүй хугацаанд их сургуулийн сэтгэл зүйчийн хяналтанд байсан нь шүүхийн баримтаар тогтоодсон юм. Тэрээр үүнээс өмнө ямар нэгэн хэрэг зөрчил гаргаж байгаагүй нэгэн.
Д.Амар
Д.Амар