Шинэ мянганы эхэн он жилүүдэд төрийн тусгаар тогтнолоо сэргээн баталгаажуулж мандан бадрахаар зүтгэж байгаа бидний монголчууд үндэсний эдийн засгаа босгох их үйлсэд ухаанаа уралдуулж, оюун бодлоо хөвчлөн, хөгжлийн шинэ гарцыг тодорхойлохоор зүтгэж байна.
Үсрэнгүй хөгжлийн гарцыг зөв тодорхойлж чадвал хөгжлийн зөв бодлого, хөтөлбөрүүд гарч улс орон маань Япон, Өмнөд Солонгос болон Азийн бар бусад улсын адилаар 20-30 жилд өндөр технологийн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж болох юм.
Энэ цагийн өнгөн дээр уул уурхайн салбар нь улс орны эдийн засгийн зүтгүүр салбар болж байгааг бид мэдэж байгаа хэдий ч алдаа, аюулаар дүүрсэн амжилт муутай ашигт малтмалын олон улсын гэрээ хэлцлүүд нь улс үндэстний тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг үүсгэж байна. Уул уурхайн салбарын хөгжлийг өндөр технологийн хүнд буюу суурь аж үйлдвэрийн салбарын хөгжилтэй уях торгон ухаан уралдсан бүтээлч форум болох байх гэж итгэсэн олон инженерийн хүлээлт нь бяслагийг брэнд болгох тунхаглалаар бут цохигдож буй нь харамсалтай.
Манай нэгэн нэрт зохиолч Хэл, Хил, Мал гуравтай байвал Монгол оршино гэж хэлсэн бол хүн төрөлхтөнд хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог механикийн эцэг Исаак Ньютон Хэл, Хил, Аж үйлдвэр гурав байсан тохиолдолд улс үндэстэн оршдог юм гэж тэртээ XVII зуунд тунхагласан бөгөөд агуу хүүгийнхээ мэргэн ухааныг төрийн бодлогоо болгож чадсан тэр л үндэстэн дэлхийн эзэнт гүрнээ байгуулж өнөөг хүртэл хадгалан хамгаалсаар байгаа билээ.
Аж үйлдвэрийн салбарыг тэргүүлэх буюу А салбар, дагалдах буюу Б салбар гэж хоёр хуваасны үндсэн дээр хөгжүүлэх, хөгжлийн эрэмбэ дарааллыг зөв тогтоож бодлого, хөтөлбөр үйл ажиллагаагаа уялдуулж ирсэн хөгжингүй улс орнуудын туршлагыг монгол хүн бүр, тэр дундаа улс орны хэмжээнд шийдвэр гаргадаг эрхмүүд шимтэн судлаж бүтээн байгуулалтаа эхлүүлмээр байна. Хөгжлийн зөв гарц олох зорилготой зохион байгуулагдсан эдийн засгийн форум дээр суурь аж үйлдвэр буюу металлург, машинт үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх талаар дэндүү цөөн хүмүүс ярьсан бөгөөд сайшаалтай нь Голландын Ерөнхий сайд асан өндөр технологийн аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэх нь үндэсний эдийн засгийн тусгаар тогтнолын баталгаа нь болно гэсэн үнэт зөвлөгөө өгснийг сайтар ухаарч мэдэрсэн байх гэдэгт итгэж байна.
Дэлгэрэнгүйг ЭНД-ээс уншина уу...