logo
Хот байгуулалтын мэдээллийн санд инженерийн шугам сүлжээг нарийвчлан бүртгэнэ

Хот байгуулалтын мэдээллийн санд инженерийн шугам сүлжээг нарийвчлан бүртгэнэ

2013/03/16
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар инженерийн шугам сүлжээг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэж  байгаа тухай асуудлыг хэлэлцлээ.

2013 оны 2 дугаар сарын 28-нд хуралдсан Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар зам засварын ажил эхэлж байгаатай холбогдуулан инженерийн шугам сүлжээг хот байгуулалтын нэгдсэн санд бүртгэж, хот байгуулалтын мэдээллийн сангийн мэдээ, мэдээллийг шинэчлэх, баяжуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн юм. Энэ үүргийн дагуу нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас  тодорхой ажлуудыг зохион байгуулж, өнөөдөр удирдлагын зөвлөлийн гишүүдэд хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.  Улаанбаатар хотын Ерөнхий архитектор, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржийн танилцуулснаар хот байгуулалтын бодлого, үйл ажиллагаа нь сайн судалгаа, мэдээлэл дээр үндэслэдэг. Тиймээс ерөнхий төлөвлөгөөний газар   хот байгуулалтын мэдээллийн сангийн мэдээ, мэдээллийг шинэчлэх баяжуулах, тодотгох ажлыг байнга хийсээр ирсэн байна. Энэ мэдээллийн  санг мэргэжлийн байгууллагууд үйл ажиллагаандаа тогтмол ашигладаг юм байна.

Хот байгуулалтын мэдээллийн сангийн суурь өгөгдөл буюу одоо ашиглаж байгаа зураг нь 1970-аад оны эхэн үеэс 1980-аад оны оны сүүлч хүртэл аналоги аргаар 8.0 мянган га талбайд зурагдсан байдаг байна. Энэ зургийг 1998 онд тоон хэлбэрт хөрвүүлсэн учраас нууцын зэрэглэлд ордог томоохон объектууд, мөн газар доорхи зарим шугам сүлжээ, ТЭЦ-4-ийн харъяа цэвэр усны зарим шугам зурагдаагүй, мэдээллийн санд ороогүй байна.
Мөн хүн ам суурьшсан 39.1 мянган га газраас 5.5 мянган га-д газар доорх шугам сүлжээний байр зүйн зураглал хийгдсэн байна.

УСУГ,”Улаанбаатар” Дулааны Шугам сүлжээ, Улаанбаатар Цахилгаан Түгээх сүлжээ, нийслэлийн Авто замын газартай хамтран хот байгуулалтын мэдээллийн сангийн суурь өгөгдлийг шинэчлэх, тодотгох, баяжуулах судалгааг  гүйцэтгэж байгаа юм байна.

Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын дагуу 14 хоногийн хугацаанд шалгалт хийж, нийслэлийн цахилгаан хангамжийн байгууламжийн 41 хувь, дулаан хангамжийн байгууламжийн 20 хувь, усан хангамжийн шугам сүлжээний мэдээллийн 30 хувь, ариутгах татуургын 15 хувь нь хот байгуулалтын мэдээллийн санд ороогүйг тогтоожээ.Тиймээс цахилгаан, дулаан, усан хангамжийн 3,9 мянган га талбайд тус тус зураглал үйлдэх, мэдээллийн санд оруулахад 1.2 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарсан байна. Энэ ажлыг ойролцоогоор 352 хоногт хийхээр урьдчилан төлөвлөжээ. Цаашид орон зайн мэдээллийн дэд бүтцийг ойрын хугацаанд байгуулах, инженерийн хангамжийн байгууллагуудыг геодезийн хэмжилт бүртгэлийн орчин үеийн тоног төхөөрөмж, программ хангамжаар хангах шаардлагатай байна гэж Ерөнхий архитектор хэллээ. Хэрвээ шаардлагатай тоног төхөөрөмж, программаар хангаж чадвал хэмжилт, бүртгэл, төлөвлөлтийн ажлын нарийвчлал сайжирч, нийслэлийн хэмжээнд газар ашиглалт, хот төлөвлөлт, байгуулалтын хувьд нөхцөл байдлыг үнэлэх, ойрын болон хэтийн зорилтыг төлөвлөх бодит үндэслэл болох юм байна. Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд инженерийн шугам сүлжээг хот  байгуулалтын мэдээллийн санд бүртгэж байгаа тухай асуудлыг хэлэлцээд, инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийг хэмжих геодезийн хэмжилт, бүртгэлийн багаж, программ хангамжийг худалдаж авах хөрөнгийн эх үүсвэрийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах тухай захирамж гаргахаар болж,  энэ захирамжийн хүрээнд худалдаж авах үнийн санал, судалгаа гаргахыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болгов гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш