logo
Хугацаа нь дууссан гоо сайхны бүтээгдэхүүн аюултай

Хугацаа нь дууссан гоо сайхны бүтээгдэхүүн аюултай

2013/03/18
Эмэгтэй хүн бүрийн хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүний хугацааг хараад үзээрэй, тэр дунд хугацаа нь аль хэдийн дууссан нүүрний тос, уруулын будгийн үлдэгдэл байж л байгаа. Зүгээр үнэгүй аваагүй болохоор хугацаа нь дууссан байна гээд шууд хаячих хэцүү. Гэсэн ч хэрэггүй эд зүйлсийг хурааж хуримтлуулдаг зуршлаасаа салах цаг нэгэнт болжээ.

Гоо сайхны бүтээгдэхүүн тус бүрт хэрэглэж болох хугацааг нь заасан байдаг. Хугацаа нь дууссан бүтээгдэхүүнүүд арьс арчилгааны үйлчилгээ үзүүлэхгүй, аягүй бол арьсны өвчтэй болгож ч мэднэ. “Лацтайгаа байгаа бүтээгдэхүүнийг тасалгааны температурт хэдэн жил ч хадгалж болно, харин лацыг нь авч агаар оруулмагц тухайн бүтээгдэхүүний орцод ордог зарим бодис исэлдэн, чанараа алдаж эхэлдэг” гэж АНУ-ын Нью-Жерси муж улсын Фэйрфилд дэх “Cosmetech” лабораторийн химич Никита Уилсон тайлбарласан байна.

Тос эсвэл нүүр цэвэрлэгч шингэнийг ашиглах тоолонд нян орж, дараа нь таны нүүрэнд нөлөөлнө. Дулаан болон чийг нь нян үржих таатай нөхцөлийг бүрдүүлдэг учир гоо сайхны бүтээгдэхүүнээ ийм газар байлгах нь тохиромжгүй.

Ихэнх тохиолдолд гоо сайхны бүтээгдэхүүний хэрэглэх хугацаа хэзээ дуусахыг бичээгүй байдаг. Сормуусны будаг муудсаныг багсаар нь эсвэл түрхэхэд будаг нь бөөгнөрөх зэрэг шинж тэмдгээр мэдэж болдог бол харин бусад бүтээгдэхүүнийг тааж үзэхээс өөр аргагүй байдаг. Иймээс мэргэжилтнүүд ямар бүтээгдэхүүнийг нь хаяж, алийг нь хэрэглээд байж болох талаар зөвлөгөө өгчээ.

Нүүр будалтын хэрэгслүүд
Ерөнхийдөө бол шингэнийг нь зургаан сар, нунтгийг нь хоёр жил хадгалж болно. Суурь крем болон түрхлэгийг тодорхой хэмжээгээр шахдаг савтайг сонгосон нь дээр. Сав руу нь хуруугаа дүрдэг буюу задгай савтай бүтээгдэхүүнд нян хурдан үрждэг. Удаан хадгалсан тос, кремд давхраа үүсч, тос нь дээрээ ялгарч болзошгүй.

Нунтаг бүтээгдэхүүн асуудал багатай, учир ус агуулаагүй учир нян үрждэггүй. Гэхдээ ургамлын орц орсон, жишээ нь, зуун наст эсвэл жожобагийн тос орсон бол өөрчлөлт ордог байна.

Сормуусны будаг. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэх хугацаа гурван сар байдаг. Хугацаа нь дуусах үед будаг нь хатаагүй байсан ч хэрэглэх хэрэггүй. Учир нь дээр хэлсэнчлэн чийглэг орчин нь нян үржиж, таны нүдэнд өвдөг гарах таатай нөхцөлийг бүрдүүлдэг.

Гаднаас нь хараад мэдэгдэхгүй ч гэсэн уршиг нь хожим мэдрэгдэнэ. Үүний сацуу хэрэглэх хугацаа нь дуусахаар уртасгадаг бодис нь шингэнээсээ ялгарч, будаг нь шавааралдаж, жигд будагдахгүй болно. Сормуусны будгийг хугацаанаас өмнө хатаахгүйн тулд сойзыг шууд дүрэх бус, эргүүлэх маягаар оруулж, гаргаж байхыг нүүр будагчид зөвлөжээ.

Нүдний харандаа ба зовхины будаг. Нүдний шингэн будгийг гурван сар хадгалдаг, тосон будгийг хагас жил, нунтаг будаг болон харандааг хоёр жил хадгалж болдог ажээ. Харандааг удаан хугацаагаар хэрэглэж болдог учир нь түүнийг үзүүрлэх бүрт нян нь цэвэрлэгддэг байна. Хамгийн гол нь харандаа үзүүрлэгчээ спиртээр байнга арчихаа бүү мартаарай.

Уруулын будаг ба хүрээлэгч харандаа. Уруул өнгөлөгч болон уруулын будгийг хэрэглэх хугацаа хоёр жил байдаг бол хүрээлэгч харандааг хоёр гаруй жил хадгалж болно. Тогтоц сайтай уруулын будаг нь жирийн тосон будгийнхаас хурдан мууддаг бодис агуулсан байдаг учир хэрэглэх хугацаа нь богино байдгийг мэргэжилтнүүд анхааруулжээ. Хүрээлэгч харандаа нь нүдний харандааны адил үзүүлэх замаар хэрэглэх хугацааг уртасгаж болно.

Хумсны будаг. Ийм будгийг 1-2 жил л хадгалж болно. Үүнээс удвал өтгөрч зунгааралдсан юм болдог. Хумсны будгууд агаарын температур болон чийгт их мэдрэг учир угаалгын өрөөнд хадгалж болохгүй.

Нүүрний тос. Асуудалтай арьсны цэвэрлэгч болон тос бүр нь өөрийн гэсэн хэрэглэх хугацаатай байдаг. Тийм болохоор жаахан тос үлдсэн байсан ч лацыг нээгээд хагас жил болсон бол хаях хэрэгтэй. Харин шахдаг савтай тосны хэрэглэх хугацаа нэг жил хүртэл байж болох аж.

С аминдэм, ретинол, гидрохинон зэрэг бодис агуулсан тосыг шууд нарны тусгал дор тавих эсвэл таглахгүй орхивол тэдгээр бодис түргэн задарч алга болдог. Зарим тохиолдолд эсрэгээр тосны орцуудын үйлчлэл хүчтэй болдог аюултай ажээ. Ретинол болон гликолын хүчил зэрэг идэвхтэй орцууд нь тосноос шингэн хэсэг нь ууршиж алга болсноор арьсыг цочроож эсвэл химийн хөнгөн түлэгдэлд өгч болзошгүй юм.

Нарны тос. SPF-тэй тосыг хагас жил хадгалж болно. Нарны тосны саван дэр нэг жил хадгалж болно гэж заасан байдаг ч, бүтэн нэг жилийн хугацаанд дөнгөж үйлдвэрээс гарсан лосьон худалдаад авч амжих хэрэгтэй. Савыг онгойлгомогц ус нь ууршиж, бүтэц нь алдагдаж эхэлдэг. Ингэснээр хамгаалах чанар нь мэдээж муудна. Ийм тосыг сэрүүн, нар шууд тусахааргүй газар хадгалах хэрэгтэй.

Үсний хэрэглэл. Нэг жил хадгалах хугацаатай байдаг. Бин битүү савлагаатай үсний лак л хамгийн найдвартай хамгаалалттайд тооцогдохоос бусад нь тагийг онгойлгосноор агаар орж үйлчлэх чанараа алддаг байна.

Үнэртэй ус. Хоёр жилийн настай гэж албан ёсоор ярьдаг ч мэргэжилтнүүд үнэртэй усыг хуурай, нарны гэрэл тусахааргүй газар 4-5 жил ил хадгалж болно гэдэг. Чийг, халуун зарим орцуудын шинж байдал өөрчлөгдөж, улмаар үнэрээ алддаг аж.

Энгийн нууцууд:
Гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг хугацаанаас нь өмнө муутгахгүйн тулд дараах энгийн хэдэн зөвлөгөөг мөрдөөрэй:
-тосны сав руу гараа дүрэхээсээ өмнө гараа сайтар угааж, хаттал нь арчаарай.

-дахин халдвар авахгүйн тулд хомхоо долоосон үед уруулаа будах хэрэггүй, нүдэнд өвдөг гарсан бол эдгэх хүртэл нь нүдний харандаа, будаг хэрэглэхгүй байсан нь дээр. Харин үзүүрлэдэг эсвэл хутгаар цэвэрлэж болдог хэрэгслийг бол хэрэглэж болно.

-худалдаж авахаасаа өмнө сормуусныхаа будгийг үнэрлэж үз, хугацаа нь дууссан будгаас химийн хүчтэй үнэр гарна.

-батган дээр крем түрхэхдээ халдвар тараахгүйн тулд хөнгөн дарж, нухалгүйгээр түрхээрэй.

-тосны саван дээрээ хэрэглэж эхэлсэн хугацааг тэмдэглэсэн цаасыг залхууралгүй наагаарай. Эсвэл шошгон дээр нь хугацаагаа бичсэн ч болно.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш