“Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр”-ийг “Эрчүүдээ хайрлая” уриан дор анх удаа тэмдэглэж, Улаанбаатар хотын төв талбайд төрийн болон хувийн хэвшлийн 20 гаруй эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгөв.
Энэхүү эрүүл мэндийн өдөрлөгийн нээлтэд зориулсан Ерөнхий сайдын мэндчилгээг түүний зөвлөх Д.Батбаяр уламжиллаа. Тэрбээр Эрүүл мэндийн яамнаас жил бүрийн 3 дугаар сарын 18-ны өдрийг “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр” болгохоор шийдвэр гарган орон даяар эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих арга хэмжээг зохион байгуулж байхаар шийдвэрлэснийг бид талархалтайгаар хүлээн авч байна гээд эрчүүдийн эрүүл мэндийн асуудал нь зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш бусад бүх салбарын асуудал юм хэмээн онцлон хэлсэн юм.
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа нээлтийг үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ жендэрийн талаас аваад үзвэл эрүүл мэнддээ тавих анхаарал, хариуцлага эрэгтэй, эмэгтэй хүмүүст адилгүй бөгөөд эрэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаарал бага тавьж, эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах идэвх сул байдаг нь түгээмэл үзэгдэл гэдгийг онцоллоо. Түүнчлэн тэрбээр судалгааны дагуу авч үзэхэд эрэгтэйчүүд өвчлөл өндөртэй, эрүүл мэндийн эрсдэлтэй зан үйл ихтэй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хайх эрэлхийлэх нь хамгийн бага хувьтай байдаг учир эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн нэг хэсэг болгон жендэрийн мэдрэмжтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого, арга хэмжээ авч явуулж байна гэв.
Өдөрлөгт ЭМЯ-ны харьяа байгууллагууд, БХЯ-ны харьяа Хууль сахиулах байгууллагын албан хаагчдын эрүүл мэндийн нэгдэл, Эм ханган нийлүүлэх “Монос” зэрэг байгууллагууд идэвхтэй оролцов.