logo
Д.Бавуудорж: Хүүхдийн паркийн 76 хувь нь “Бодь” группийн эзэмшил гэдэг

Д.Бавуудорж: Хүүхдийн паркийн 76 хувь нь “Бодь” группийн эзэмшил гэдэг

2013/03/19
-“Мон уран” 1.2 га газрыг ямар ч зөвшөөрөлгүй авсан, Б.Наранхүү гишүүн болоод хууль ёсоор эзэмшдэг болсон байж мэднэ-

Манай сонин хүүхэд, залуучууд тодотголтой барилга байгууламжууд мөнгөтэй хүмүүсийн гараар орж томчуудын бизнесийг цэцэглүүлж байгааг хөндөн энэ асуудлаар “Хүүхэд, залуустзориулсан байгууламжаар бизнесмэнүүд ашиг олж байна”, “Хүүхдийн паркийн газраас Хүүхэлдэйн театрынханд өгчихбөл яасан юм бэ”цуврал сурвалжлагыг нийтэлсэн. Энэ удаа Хүүхдийн паркийн газрыг онцоллоо. Хотын төвийн А зэрэглэлд байрласан учраас баячуудын нүдний хор гүйсэн энэ газрыг зориулалтаар нь ашиглах талаар Монголын залуучуудын холбоо санаачилга гарган “Паркаа аварья” хөдөлгөөн өрнүүлж, хэлэлцүүлэг зохион байгуулсан ч төдий л үр дүнд хүрэхгүй л байна. Хамгийн  ашигтай байрлал сайтай учраас Хүүхдийнпаркийн газраас хумслагсад буцааж  өгөхгүй хэмээн тас гүрийсээр байгаа. Энэ талаар Хүүхдийн паркийн орлогч захирлаар 21 жил ажилласан Д.Бавуудоржтой ярилцсан юм.
-Хүүхдийн паркийг 1966 онд байгуулсан гэлүү?
-Тийм ээ. Парк 1966 оны долдугаар сарын 10-нд ашиглалтад орсон. Одоогийн парк байгаа дээр нарийн төмөр замтай, нүүрс буулгадаг газар байсан юм. Тэр чигээрээ нүүрсний хог, шалбааг ихтэй найгүй. Тэр үед монголчууд хөгшин залуугүй гар бие оролцож, улсаас нэг төгрөг заралгүй түмний хөрөнгөөр босгосон.Тэр их намгийг цэвэрлэж, хөрс шороог нь тэгшлээ, мод ногоо тарих ажлыг нийслэлийн хөдөлмөрч залуучууд хийсэн юм. Тоглоом тоног төхөөрөмжийг нь Зөвлөлтийн Комсомолын байгууллага, Германы Чөлөөт залуучуудын эвлэлийн туслалцаатайгаар авчирч байлаа.
-Хэр том газартай байсан юм бэ?
-Тэр үед паркийн эзэмшилд 35.6 га газрыг өгч, хашаа хаттаж байсан.  Одоо ч бараг л хувийн өмч болж дээ. Тоглоом барьж тохижуулсан газар нь есхөн га. Харин 26 га нь юу ч үгүй хоосон балгас шиг болж, долоон га газарт нь хувийн компаниуд барилга барьсан.
-Хэдэн жилийн өмнө Хүүхдийн паркийг тохижуулан Монголын Диснейлэнд болгоно хэмээн төсөл боловсруулсан дуулдаж байсан. “Бодь” групп гадны компанитай хамтраад хийх тухай үлгэр шиг л зүйл дуулдаж байсан гэдэг юм билээ?
-Уг нь “Бодь”, “Голомт”-ынхон зураг төсөл гаргаад бүгдийг нь шинэчилнэ гэж байсан л даа. Гэхдээ хэтэрхий яараад хуучин байсан зам, хашаа, 13 мянган модыг устгасан. Бүгдийг нь нэгч төгрөгний үнэгүй болгоод орхисон. 40 гаруй жил ургуулсан мод учраас хайран санагдсан. 25 жилд нэг модыг ургуулахад зарцуулсан зардал 780 мянган төгрөг гарч байсан. Тэгэхээр бүх модоо бодоод үзэхээртэрбум гаруй төгрөгний өртөг шингэсэн ногоон байгууламжийг алга болгосон гэсэн үг.
-Энэ бүхнийхээ хариуд нөхөн төлбөр төлсөн болов уу?
-Нөхөн төлбөр авсан эсэх нь тодорхойгүй, бүх зүйл нь сүйдээд өнгөрсөн. Уг нь зураг төслөө байгаа байдалд нь тохируулаад хийгээд явсан бол хойд тал нь одоогийнх шиг балгас болохгүй, ногоон байгууламжтай байх л байсан. Гэтэл баячуудын мөнгө олох эх үүсвэр болсон барилга байгууламж барьж байгаа нь үнэхээр хүмүүсийн дургүйг хүргэж байна. Хотын төвд болохоор хүмүүс их шунадаг юм шиг байна билээ. Гэтэл хотын удирдлагууд тэмцэл хийлгүй, өөрсдөө тохиролцоод л хаясан. Үүнээс болоод энэ газар эзэнгүйдсэн.
-Эзэнгүй балгас болсон гэх газар нь хэний мэдэлд байдгийг та мэдэх үү?
-Газрыг нь чухам хэний нэр дээр байдгийг бол мэдэхгүй. Ер нь бол Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн 76 хувийг “Бодь”, үлдсэнийг нь нийслэл эзэмшдэг гэх юм билээ. Албан ёсны гэрээ хэлцэл хийсэн эсэхийг мэдэхгүй л юм.  Тэгээд паркийн 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг устгачихаад, яаж эргүүлэн төлөх, хоорондоо ямар гэрээ хэлэлцэл хийсэн эсэх нь хэнд ч мэдэгдэхгүй өнгөрсөн.
-Хүүхдийн паркийн газраас авсан “Мон уран”-ы Б.Наранхүү “Голомт”-ын Д.Баясгалан паркийн газрыг зүгээр авчихсан, хүмүүс л мэддэггүй болохоос биш гэж ярьсан байдаг юм. Магадгүй “Японы “Иточу” компанид зуучилж Диснейоэнд байгуулахад хөрөнгө оруулах нэрээр Хүүхдийн паркийг “Бодь” групп авчихсан юм биш биз?
-Парк 2000 оны үед 4.5 тэрбум төгрөгийн үндсэн өртөгтэй, 13 мянган мод буттай, 16 мянган ам метр ногоон байгууламж зүлэгтэй, 30 гаруй тоглоомтой байсан. 1980-1982 оны үед улсаас 1.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.  Үүний дараа 1990-1992 онд Хятадын тоног төхөөрөмжөөр шинэчлэлт хийсэн. Үүнээс хойш шинэчлэлт хийгээгүй учраас тоглоомнууд элэгдэж, аюулгүй байдлын баталгаагүй болсон. Тиймээс паркийг хэрхэн шинэчлэх вэ гэдэг асуудлыг ярьж эхэлсэн. Уг нь 1992 он хүртэл Эвлэлийн төв хорооны харьяанд байхдаа бүтээлч ажилладаг, залуус чөоөөт цагаа өнгөрөөх гол төв болж байсан юм. 1992 оноос хотын захиргаанд шилжсэн. Хөрөнгө оруулалт хайсан ч улсаас тусалж, дэмжээгүй. Тоног төхөөрөмж нь жил ирэх тусам муудад байсан учраас аргагүй шаардлагаар гадаадын байгууллагуудад хөрөнгө оруулах санал тавьсан юм. Тэгээд Японы “Иточу” корпораци хөрөнгө оруулалт хийхээр болсон юм. Зуучлагч нь “Голомт” банк байсан юм гэсэн, тэр үед бидэнд мэдэгдээгүй. Тэгээд 2000 оноос эхний хөрөнгө оруулалтаа хийсэн гэдэг ч ердөө сүүлийн дөрвөн жил гаруй хугацаанд бүтээн байгуулалт хийж, паркийн 35 га газраас ердөөнаймд нь л тоглоом байгуулж шинэчлэл хийсэн байна билээ.
-“Иточу” хөрөнгө оруулахаар гэрээ байгуулсан хэрнээ яагаад “Бодь”-ийн мэдэлд  Хүүхдийн паркийн 70 хувь очсон юм бол?
-Уг нь санхүүжилтийг нь “Иточу” хийнэ гэж ярьж байсан. Гэрээ байгуулж, хамтарсан компани буюу “Үндэсний соёл амралтан хүлээн” ХК-ийг байгуулахдаа 76 хувийг нь “Иточу” эзэмшинэ гэж заасан юм гэсэн. Гэвч хөрөнгө оруулалтыг нь “Бодь” дандаа хийж байсан, “Иточу”-гаас хөрөнгө орж ирээгүй байх.
-Тэгэхээр “Иточу” гэдэг компанийн нэрийг бариад “Бодь” групп Хүүхдийн паркийг өөрийн мэдэлдээ хууль бусаар авсан байж магадгүй гэсэн үг үү?
-Тийм байж болно.
-Тэднийг Хүүхдийн паркийн 76 хувийг эзэмшихийн тулд 6.5 тэрбум төгрөг төлсөн гэж сонссон. Энэ нь үнэн юм болов уу?
-Мөнгө төгрөгөөр авсан эсэхийг нь мэдэхгүй. Хэрэв тэгж худалдаж авсан бол хотын данс руу мөнгө нь орсон байх, паркт нэгч төгрөг ороогүй. Хотын захиргаа, “Бодь”-ийнхон хоорондоо ярьж, гэрээ хийх асуудал 2000-2005 онд болсон.
-“Бодь” 20 гаруй давхар зочид буудал барихаар төлөвлөж байгаа гэх юм билээ. Та энэ талаар сонссон уу?
-“Бодь”-ийнхон зочид буудал барихаар төлөвлөсөн гэж сонссон. Арай үгүй байлгүй дээ л гэж бодож сууна. Тэгвэл 35 га газрын 20 нь барилга болоод өнгөрнө шүү дээ. Парк гэдэг бол тоглоом, тоног төхөөрөмжиндөө гол нь биш, битүү ногоон ургамал, сандал, сүүдрэвч, хүүхэд багачуудад ая тухтай, эрүүл агаартай байх ёстой ганц газар. Гэтэл тэр обьектыг нь зориуд устгая гэжбайгааюм шиг газар газрын хөрөнгөтнүүдэд олгоод байгаа нь шударга бус. Үүнийг шалгаж, цэгцлэх цаг нь болсон. Үүнд ахмад үеийнхэн их бухимддаг. Миний үеийнхэн надтай уулзахаараа “Чи ажиллаж байхдаа газрыг нь зарчихсан юм уу. Чамд хэр зэргийн юм унасан юм. Мөнгө хараад чи газрыг өгчихсөн юм биш биз” гэх маягийн юм асуудаг. Үнэхээр харамсмаар санагдаж байна. Ер нь олон түмний хэлээд байгаа ортой байж мэдэх юм.Иргэд “Тодорхой хэсэгт нь тоглоом барьчихсан, хойд талд нь барилга байгууламж барьж магадгүй” гэж яриад байгаа. Ингэж дур мэдсээр байтал нийслэлд хүүхдүүдийн чөлөөт цагаа зөв өнгөрүүлдэг ганц төв нь байхгүй болчихож мэдэх л юм.
-Гэхдээ паркийн газрын тухай ярихдаа “Бодь” гэж бараг дуугардаггүй. Харин “Мон уран”-ы Б.Наранхүү, MCS-ийн Ж.Оджаргал нарыг л буруутгадаг нь ямар учиртай юм бол?
-Паркийн газрыг 1996 оноос хойш компаниудад хувьчилж эхэлсэн. Хотын удирдлагуудтай тохиролцож, аман шийдвэрээр газар авсан байдаг. Анхны ямар ч зөвшөөрөлгүйгээр дайрч орсон нь яах аргагүй “Мон уран” компани. “Мон уран”-ы Б.Наранхүү нь паркийн 1.2 га газарт 1998 онд хашаа хатгасан. Тэгэхдээ хүүхдүүдэд зориулж усан сан байгуулна гэж хуураад булааж авсан юм. Тэр нь ямар ч захирамжгүй байсан. Тухайн үед бид Газрын алба, хотын удирдлагуудад асуудлыг тавьж, өргөх бичиг хүртэл барьсан ч дийлээгүй.
-Б.Наранхүү “Манай компани хууль журмынхаа дагуу энэ газрыг авсан. Бид энд газар өмчлөх эрхтэй” гэж байна билээ?
-1.2 га газрыг “Мон уран” ямар ч зөвшөөрөлгүй авсан. Анхнаасаа ямар ч захирамж шийдвэргүй, барьснаасаа хойш ямар ч бичиг баримтгүй байсан. Сонгуульд ялж, УИХ-дсуусныхаа нэр нөлөөгөөр л газрынхаа зөвшөөрлийг авсан байж магадгүй. Гэхдээ тэр  хууль дүрмийнх нь дагуу энэ газрыг авсан гэж мянга зүтгээд нэмэргүй, худлааг нь гэрчлэх баримт нь байгаа шүү дээ.
-“Монуран”-тай танайх ч нэлээд шүүхдэлцсэн байх шүү. Шүүхийн шийдвэр ихэнхдээ л “Мон уран”-ы талд гарсан байдаг?
-Бид “Мон уран”-тай 1997 оноос эхлээд шүүхээр явсан. Намайг байхад шүүхийн тогтоол хоёр ч удаа гарсан. Надаас хойш бас хоёр, гурван удаа шүүхийн шийдвэр гарсан байдаг. Шүүхийн шийдвэр таван удаа гарахад хоёр нь “Мон уран”-ы талд, гурав нь Хүүхдийн паркийн талд гарсан ч шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлж чаддаггүй байсан. Мөнгөтэй хүнд Монголын хууль гууль л болдог юм билээ.
-“Монтана” гэж компанийн тухай бас яригддаг. Тэр чухам хэний компани, ямар барилга барьсан юм бэ?
-1997 онд “Монтана”-д 0.5 га газрыг паркийн баруун хойт талын өнцөгт олгохоор захирамж гаргасан байдаг. Бид Хүүхдийн паркийн хашаан дотроос газар олгохгүй хэмээн эсэргүүцсэн. Тэгсэн паркийн хашааны яг ард талын өнцөг дээр Еөнхийлөгч П.Очирбат гуайн байшинг барихаар ярьж байсан юм. Тэгэхэд Ерөнхийлөгчийн ордонг хамтад нь барья гээд 0.5 га газрыг паркийн хашааны хойт өнцгөөс өгсөн. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаад өгсөн юм. Бид ч нэлээд тэмцэл хийсэн. Тэгсэн тэр 0.5 га газарт хашаа хатгачихаад зургаан жил ашиглахгүй байж байгаад, долоо дахь жилдээ буюу 2005 онд “Шангрилла” зочид буудлыг барьж эхэлсэн. Учир нь “Монтана” компани “MCS” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2007 оны захирамжаар газар олгосон юм билээ. Тэгээд 0.5 биш таван га газар болгоод томруулж авсан байдаг. Мөн нэг дайрч орж ирсэн газар нь “Сөүл”  групп. Уг нь “Туяа” ресторан нь паркаар үйлчлүүлж буй хүмүүсийн ганц төв нь байсан. Энэ 1997 оноос “Сөүл” группийн мэдэлд орсон байх. Уг нь газрыг нь бүрэн шилжүүлээгүй, түрээсэлж байгаа гэж байсан юм. Тэгсэн одоо М.Өнөрболор гэж хүний мэдэлд байдаг юм гэсэн. “Сөүл” группийн эзэн нь солонгос хүн байдаг гэсэн. Одоо паркийн найман га газар нь гадны гурван компанийн эзэмшилд орчихоод байна. Олон компани Хүүхдийн паркийн газар руу дайрч орж ирсэн. Бид тэмцэл хийж, жагсч хамгаалсан ч гуравт нь хүч хүрэхгүй ялагдсан даа.
-Таныг паркт ажиллалж байх үед жилд дунджаар хэчнээн төгрөгийн орлого олдог байсан бэ?
-Парк 1993 оноос аж ахуйн тооцонд шилжсэн. Тэр үед нэг тоглоом дээр тоглоход 50 мөнгө төлдөг байсан. Нэг тоглоом дээд тал нь гурваас дөрвөн төгрөг л байлаа. Зах зээл эхлээд 200-2500 болсон. Тэгээд бодоход жилд45-50 сая төгрөгийн орлого олдог байж. Ногоон байгууламж, тоног төхөөрөмжөө сэргээгээд, ажилчдынхаа цалинг өгөөд, дулаан цахилгааны мөнгийг өгөхөд  ашиг олохгүй ч алдагдалгүй ажиллаж байсан. Тэр үеийн 50 сая чинь одоогийнхоор доод тал нь 500 сая шүү дээ.
-Одоо бараг тэр үнэ хоёр дахин нэмэгдсэн байх шүү. Дээрээс нь паркийн газар дээр гишгэлээ гэж 1000 төгрөг авдаг гэсэн?
-Хүмүүс их дургүйцэж байна билээ. “Бодь”-ийнхон хэтэрхий их мөнгөний хойноос хөөцөлдөж байна гэж. Хувийн байгууллагад шилжсэн л бол ашигтай л ажиллахыг л бодно шүү дээ. Тиймээс иргэд, хүүхдүүдийг бодох нь юу л бол.Нийслэлийн удирдлагууд үүнд анхаарч, Хүүхдийн паркийг аварна гэж найдаж байна даа.


 Б.Аззаяа

Эх сурвалж:  Өдрийн шуудан сонин
/Жич: МЗХ-ны хүсэлтээр нийтлэв/

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш