МЗХ-ноос санаачилан эхлүүлсэн “Паркаа аваръя” хөдөлгөөн сүүлийн үед эргэн идэвхжиж эхэллээ. Зарим сонин хэвлэлээр хүүхдийн паркийн асуудлаар цуврал нийтлэл гарч, телевизүүдээр паркийн асуудлыг хөндсөн нэвтрүүлгүүд ч цөөнгүй харагдах болжээ. Үүнээс харахад энэ асуудал хүмүүсийн хүлээлт үүсгэж, заавал шийдэх ёстой асуудлуудын нэг болсон гэдэг нь харагдаж байгаа юм. Саяхан “Гранд” сэтгүүлээс санаачилан зохион байгуулдаг “Grand people-2012”ёслолын ажиллагааны Нийгэм соёлын салбарын “Grand man” номинацид МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат олон нийтийн санал асуулгаар шалгарчээ. Түүнийг өнгөрсөн оны 04-р сараас эхлэн МЗХ-ны үйл ажиллагааг сэргээсэн, мөн хүүхэд залуучуудад зориулсан барилга байгууламжуудыг эргүүлэн ашиглуулах асуудлыг хөндөж, хүүхдийн паркийн газрын асуудлыг олны анхааралд оруулж, хүүхэд залуучуудад нааштай шийдвэрлүүлэхийн төлөө ажиллаж байгааг нь үнэлэж энэ номинацид дэвшүүлсэн юм байна. Энэ мэтчилэн паркийн эргэн тойрон дахь асуудлууд эргэн хүчтэй яригдаж эхэллээ. Тун удахгүй хүүхэд залуус маань парк дээрээ сэтгэл хангалуун тоглож наадах биз ээ.