logo
“100 000 айлын орон сууц” төслийн асуудлаар нээлттэй сонсгол хийв

“100 000 айлын орон сууц” төслийн асуудлаар нээлттэй сонсгол хийв

2013/03/20
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос иргэдийн өргөдөл, хүсэлтийн дагуу “100 000 айлын орон сууц” төслийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлаар өнөөдөр /гуравдугаар сарын 19-ний Мягмар гарагт/ Төрийн ордны хуралдааны Б танхимд нээлттэй сонсгол зохион байгууллаа.   Нээлттэй сонсголд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд, Сангийн, Эдийн засгийн хөгжлийн, Барилга, хот байгуулалтын яамд, Орон сууцны санхүүжилтийн корпорац, Хөгжлийн банк, Төрийн банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд оролцож “100 000 айлын орон сууц” төслийн зээлд хамрагдсан иргэд, тэдгээртэй гэрээ байгуулсан барилгын компаниудын асуултад хариулт өгөв.

   Уг сонсголоор 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, “100 000 айлын орон сууц” төслийн хүрээнд бага, дунд орлоготой иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах журмын дагуу зээл авах хүсэлтэй зарим иргэдийн зээлийн санхүүжилт зогссон шалтгааныг тодруулж өгөхийг хүссэн нэр бүхий 21 иргэний өргөдөл, хүсэлтээр холбогдох яамд, төрийн байгууллагуудаас тодруулга, тайлбар авч, төслийг цаашид хэрхэх талаар хэлэлцэн, мэргэжилтнүүдийн саналыг сонслоо.

    “100 000 айлын орон сууц” төслийн зээлд хамрагдсан иргэдийн байгуулсан Түр хорооноос ирүүлсэн тоо баримт, арилжааны банкуудын тоо баримттай нийцэхгүй, “зээлийн санхүүжилт зогссон гэсэн шалтгаанаар материалыг нь хүлээн аваагүй 2600 гаруй иргэн байгаа” гэсэн тоо хэр бодитой талаар УИХ-ын НББСШУБХ-ны дарга, Өргөдлийн байнгын хорооны гишүүн З.Баянсэлэнгийн асуултад банкны төлөөллийн зүгээс өгсөн хариултаар бол “яг өнөөдрийн байдлаар 1500 хүний асуудлыг шийдвэрлэсэн, үлдсэн мянга гаруй хүнээс 200 хүн өөр банкны эх үүсвэрээр зээл авсан тул ерөнхий дүнгээр 2400 хүний асуудал хүлээгдэж байгаа” аж. Гэхдээ хэргийн учир хэдэн хүн гэдэгтээ бус, тэдний төлөхөд хүрээд байгаа алданги, барьцаа хөрөнгө зэрэг хүндрэл, дарамттай асуудалд  байгаа тул эдгээр асуудлыг иргэдэд хохиролгүйгээр шийдвэрлэх ямар гарц байж болох талаар сонсголд оролцогчид тал бүрээс нь тунгаан хэлэлцсэн юм.

   УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд иргэдийг төлөөлж тавьсан асуултандаа Засгийн газрын эрх бүхий албан тушаалтнуудаас зохих хариулт авсны дараа “...Өмнөх Засгийн газрын 2012 оны 2-р сарын 20-ны 55 дугаар тогтоолоос эхлээд орон сууцны төсөл, хөтөлбөрийн мөн чанар гажиж, санхүүжилтийн эх үүсвэр байхгүй, улсын төсөвт суугаагүй байхад иргэдийн саналыг татах зорилготой сонгуульд зориулсан хөтөлбөр болж хувирсан, УИХ-ын сонгуулийн шинэ хуулиар элдэв амлалтыг хориглосон ч тухайн үеийн Засгийн газрын алдаатай шийдвэрийг зогсоох үйлдэл хийгээгүйн улмаас иргэдэд хохирол учруулсан дарамттай шийдвэр гарчээ” хэмээн дүгнэлээ.

    Мөн тус Байнгын хорооноос аль ч Засгийн газар ард түмэндээ хохиролтой бодлого гаргах ёсгүй тул өмнөх, хойдох Засгийн газар гэхгүйгээр энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэж, нэг сарын дотор 2600 иргэний хохирлыг барагдуулах талаар Ерөнхий сайдаар ахлуулсан Засгийн газрын Ажлын хэсэг шуурхай, санаачилгатай ажиллахыг үүрэг болгох, Барилга, хот байгуулалтын яамнаас дээрх асуудлаар зах зээлийн зарчимд нийцсэн шинэ журам гарган орон сууцны хөтөлбөрийг шинэчлэх шаардлагатай хэмээн үзэж, асуудлыг хэрхэн шийдвэрлэснийг ирэх 4-р сарын эхээр тус байнгын хороогоор эргэж хэлэлцэхээр боллоо.

С.Отгонцэцэг
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш