logo
Залуу гэр бүлүүдийг орон сууцжуулах ямар боломж байна! (Цуврал сурвалжлага №1)

Залуу гэр бүлүүдийг орон сууцжуулах ямар боломж байна! (Цуврал сурвалжлага №1)

2013/03/21
Иргэдийг орон сууцжуулах, байрны метр квадратын үнийг буулгахаар төрөөс ихээхэн анхаарал хандуулж байгаа ч  үр дүн нь төдийлөн мэдрэгдэхгүй байна. Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод 17 орон сууцны хороолол баригдана гэсэн төлөвлөлт бий. Эдгээрээс биелэл болгож Яармагийн дэнж дээр “Берлин Эко” төслийг хэрэгжүүлж эхэлсэн ч хэсэг хугацааны дараа хөрөнгийн эх үүсвэргүй болоод зогсчихсон. Уг нь энэ төсөл хэрэгжээд дуусахад 1м2 нь 750 мянган төгрөгт багтах 1-2 давхар амины орон сууцны хороолол босох ёстой юм. Үүнээс гадна аймгуудад 1000 айлын орон сууц барина гэсэн хөтөлбөр ч байгаа билээ.Нийслэлд байрны үнэ буурахгүй байгаа шалтгаан нь төрийн болон нийтийн эзэмшлийн газар байхаа больж, ойр орчмын газрууд хувь хүн, аж ахуйн нэгжийн нэр дээр шилжсэнтэй шууд холбоотой. Гэтэл орон сууцны үнийг бууруулах хамгийн гол хүчин зүйл нь авлигагүй зохих журмаар нь авсан газар болон дэд бүтцийн шийдвэрлэгдсэн байдал хоёр билээ. Үүнээс гадна хямд орон сууц барихын тулд барилгын материалын үйлдвэрүүдийг ч хамтад нь шийдэх ёстой. Тиймдээ ч саяхан барилгын материалын үйлдвэрүүдийг дэмжих хөтөлбөр Засгийн газраар батлагдсан юм. Өнгөрсөн онд иргэдийг орон сууцжуулах зорилгоор 6%-ийн хүүтэй зээлийг гаргасан. Энэ ажлын хүрээнд 50 тэрбум төгрөгийг 1100 иргэнд олгосон байдаг. Уг нь тус зээлийг 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй орон сууцанд олгоно гэсэн ч нийт жагсаалтанд бичигдсэн барилгын 62% нь барилгын ажлаа огт эхлээгүй байсан аж. Хөрөнгийн эх үүсвэрээ шийдээгүй, дээр нь 6%-ийн зээл зэрэг нь барилгын салбарт үнэ хөөрөгдөх гол нөхцөл болоод байна. Тиймээс энэхүү арга замаар иргэдийг орон сууцжуулна гэдэг явцгүй болж байгаа юм. Одоо үед цалингаараа өөрийн байртай болно гэдэг бэрх даваа. Тэгвэл дээр дурдсанчлан газар, дэд бүтэц тэргүүтэй асуудлуудыг зохих журмаар нь шийдээд барилга барьвал, метр квадратын үнэ хэдэн төгрөг байх бол гэдэг сонин зүйл. Үүний хариултыг олохоор МЗХ “Авлигагүй орон сууц” төслийг санаачилж эхний ээлжинд орон сууц барих шат дамжлага, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, барилгын зөвшөөрөл, бичиг цаасыг хэрхэн бүрдүүлдэг, мөн өнөөдөр залууст зориулсан ямар барилга байгууламжууд баригдсаныг судалж байгаа юм. Тиймээс өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт залуусын гэх тодотголтой “Шинэ гэр” хороололлын ажилтай “Авлигагүй орон сууц” төслийн багийнхан танилцсан билээ. Олон хүний амнаас “Шинэ гэр” хорооллын тухай болон залууст олгож буй боломжуудын талаар сонсож байсан ч, тухайн үед тэдний ярианд төдийлөн итгэхгүй байсан юм. Аливаа зүйлд анхны сэтгэгдэл хамгийн чухал байдаг. Хан-Уул дүүргийн IV хороо буюу Яармагийн гүүрний баруун тал, Туул голын хөвөөнд байрлах тус хорооллын өнгө өнгөөр алагласан шинэхэн барилгууд нүдэнд ихээр тусч байлаа. Тус хорооллыг амьдралын анхны алхамаа хийж буй залууст зориулж “M-Си-Эс Проперти” ХХК барьжээ. Нийт 1650 өрх амьдрах багтаамжтай тус хорооллын байрнууд ганц ч рекламдуулахгүйгээр зарагдсан гэж бодохоор нийгэмд “Шинэ гэр” шиг залуусын хороолол ямар их эрэлт хэрэгцээтэй байгааг харуулж буй мэт. Хорооллын хүрээлэн буй орчин, зай талбайн тохижолт гүйцэт дуусаагүйг эс тооцвол яг л зураг төсөл дээрх шигээ зохион байгуулалттай баригджээ. Тус хорооллын байрнууд 20м2-54м2 гэсэн сонголтуудтай аж. Эдгээр нь тус бүрийн онцлогтой бөгөөд 20м2, 30м2-тай байрнууд нь ажлын гараагаа эхлүүлж буй мөрөөдлөөр дүүрэн залууст, харин 38м2 хэмжээтэй байр нь шинээр гэр бүл болж өрх тусгаарлаж буй хосуудад яг тохирсон санагдлаа. Амьдрахад 20м2, 30м2, 38м2 зай хэтэрхий бага санагдаж байж болох ч өрөөний зохион байгуулалтыг маш оновчтой шийдэж өгчээ. Шинэ байранд ороход таньд хэрэгтэй буйдан, ор, ширээ, гал тогооны тавилга, зурагт, плитка, угаалгын машин гээд л бүх зүйл нь бэлэн байна. Бүр Юнивишний гурвалсан үйлчилгээг хүртэл шийдэж өгсөн байх юм. Тиймээс худалч хүнд бараг л хувцас чемодантайгаа очоод л амьдарчихмаар юм билээ. Банкнаас зээлээр байр авъя гэхээр наанадаж 30 хувийг нь төлсөн байх шаардлагатайгаас гадна, хүү нь өндөр, хугацаа нь бага байдаг. Энэ бүхнийг “Шинэ гэр” төслийнхөн харгалзаж үзээд залууст дарамт учруулахааргүй байдлаар шийдсэн байна. Тухайлбал та “Шинэ гэр” хорооллын байрыг авахдаа үнийн дүнгийн 10 хувийг төлсөн байх шаардлагатай бөгөөд 15 жилийн бага хүүтэй моргейжийн зээлд хамрагдана. Ингэснээр үлдсэн 90 хувийн баталгааг М-Си-Эс групп гаргаж “Шинэ гэр” төслөө банкинд барьцаалсан байгаа юм. Өөр хороололд 10 хувийн урдчилгаа төлөөд үлдсэнийг нь банкнаас зээлнэ гэвэл “уучлаарай” л болох байх. Энэхүү төсөлд төрийн зүгээс саад ч болоогүй, тус ч болоогүй гэнэ. Тэд өөрсдийн хөрөнгөөр дэд бүтэц, халуун хүйтэн усны шугамаа татаж, барилгын газраа зохих ном журмаар нь авчээ. “Шинэ гэр” төслийг ашиг олохын тулд бус, гагцхүү залуусыг дэмжиж нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхээр эхлүүлсэн учраас бүх зүйл нь хялбар бүтэж байсан гэж холбогдох мэргэжилтнүүд нь хэлж байлаа. Тиймээс төслийг амжилттай болгосон тулгын гурван чулуу нь газар, дэд бүтэц, моргейжийн зээл гурав ажээ. Байрнуудын нэг давхар бүгдээрээ худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглагдах аж. Хорооллын гүйцэтгэл 100% дууссаны дараа дэлхийд алдартай бренд дэлгүүрүүд, ресторан, паб, үсчин гээд л хүнд хэрэгцээтэй бүх зүйл энд байрлах бөгөөд хотын иргэд амралтын өдрөөрөө шоппинг хийдэг, нэг ёсондоо худалдааны гудамж болох ажээ. Дээр хэлсэнчлэн зөвхөн өрөөний хувиарлалтаас гадна барилгын зохион байгуулалтыг оновчтойгоор шийдсэн юм шиг санагдсан. Оршин суугчид өөрсдийн давхар луугаа гадаа шатаар орох бөгөөд нэг давхрын зургаан айлыг нэг орц гээд хэлчихэж болохоор юм билээ. Тиймээс хэн нэгэн орцонд нь “морь харах” боломжгүй болж цаашлаад дулаан, цэвэрлэгээний мөнгө СӨХ-ны төлбөрөөс нь хасагддаг бололтой. Тус хороололд одоогийн байдлаар 5000 орчим оршин суугч нүүж ирээд байгаа бөгөөд нэг өрхт дунджаар 3 хүн байдаг гэнэ. “Шинэ гэр” хороололд байртай болоход сардаа хоол хүнс, хувцаснаасаа гадна 400 мянган төгрөгний орлоготой байхад л хангалттай. Манайд явган хүний зам, ногоон байгууламж барьсныхаа дараа эргүүлэн хуулж цэвэр, бохир усны шугамаа янзалдаг буруу тогтолцоо бий. Тэгвэл тус хорооллын хувьд энэхүү байдлыг оновчтой шийджээ. Газар доогуур цэвэр, бохир, дулааны шугамдаа засвар үйлчилгээ хийхэд зориулсан хонгил байгуулж, хийсэн зам, талбайгаа олон дахин эвдэлж янзлахааргүй болжээ. Харин шүүмжлэлтэй нэг зүйл харагдсан нь зарим өрөөнүүдийн цонх байлаа. Байрнуудад тагт байхгүй учраас цээжин биеэ гаргаад агаар амьсгалчихмаар том цонх шийдэж өгчээ. Энэ нь өрөөнд хангалттай гэрэл тусгах давуу талтай ч шалнаас тааз хүртлээ шилэн учраас санамсаргүй байдлаар цонхны доод хэсгийн шилийг хагалах магадлал өндөртэй мэт санагдсан. Өөрөөр хэлбэл насанд хүрсэн хүн хагалдаггүй юм аа гэхэд жоохон хүүхэд юмаар цохиод ч юм уу, мөргөөд хагалчихвал шууд доошоо унахаар юм билээ. Цонхнууд нь том гээд эсрэг айлдаа харагдана гэж санаа зоволтгүй аж. Учир нь цонхнууд тольтой учраас эсрэг байрны айлдаа нэвт харагдахгүйгээс гадна айлуудын цонхнууд хоорондоо зөрж байрладаг юм билээ. “Шинэ гэр” хороололд бас нэгэн асуудал байгаа нь машины өвлийн дулаан зогсоол юм. Анх баригдахдаа дулаан зогсоол төлөвлөгдөөгүй бөгөөд хэрэв хийсэн бол байртайгаа ижил шахуу өртгөөр босох байсан гэж инженер нь учирлаж байсан юм. Гэхдээ тэд энэ асуудлаа шийдвэрлэхээр хувийн компанитай 400 машины дулаан зогсоол байгуулах гэрээ хийж, газар, дэд бүтэц, холболтыг нь тус компанидаа хийж өгсөн аж. Тиймээс ирэх өвлөөс өмнө дулаан зогсоолын асуудал цэгцрэх байх гэж ярьсан юм. Энэ үеэр тус хороололд оршин суудаг хүмүүсээс байрных нь талаар асуухад муу үг лав унагасангүй. Харин “Шинэ гэр” хорооллын фэйсбүүк хуудсанд цөөн тооны хүмүүс байр нь чанаргүй, хүйтэн байгаа талаар шүүмжилсэн харагдсан. Ямартай ч эндээс харахад залууст зориулсан бага квадраттай, байрны эрэлт хэрэгцээ маш их байгааг илтгэж байна. Үүний нэг тод жишээ нь энэхүү төсөл хэрэгжиж эхэлснээс хойш таван сарын дараа 1000 байр зарагдаж, үүнээс хойш ердөө гуравхан сарын дараа бүх байрнууд нь эзэнтэй болсон юм билээ. Манайхан нэг байрандаа насаараа амьдрах юм шиг шууд л гурван өрөө рүү зүтгэдэг. Угтаа бол хамгийн багаас нь эхлээд өөрийн боломж бололцоондоо тохируулж үргэлж сольж сайжруулж байх хэрэгтэй юм шиг. Залуучуудад хамгийн эхний ээлжинд зайлшгүй хэрэгтэй байгаа зүйл бол орон сууц. Тиймээс залуусыг орон сууцаар хангах “Шинэ гэр” шиг төслүүдийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна. Үүний тулд улсын болон төрийн бус байгууллагууд нэг нэгнийгээ харилцан дэмжиж, энэхүү асуудлыг ямар аргаар шийдвэл илүү үр дүнэтй байж, дорвитой ажил болгох асуудалд анхаарч ажиллах цаг нь болсон санагдана.        
С.Батхуяг
Эх сурвалж: Залуучуудын үнэн сонин


 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш