logo
Далим үсрэлт

Далим үсрэлт

2013/03/21
Архидалтыг өөгшүүлэхэд хамгийн ихээр нөлөөлж байгаа зүйл бол учир утгаа алдсан баярууд гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Цагаан сар, наадам, шинэ жил зэрэг томоохон баяраас өгсүүлээд Март, Цэргийн баяраар үргэлжилж, төрсөн өдрөөр дуусна. Ингэхээр бараг л баяр тэмдэглэдэггүй өдөр байхгүй болчихож байгаа биз. Угтаа өдөр бүр баяр тэмдэглээд байвал хүний сэтгэл санаа хийгээд өнөөгийн стресстэй нийгэмд тустай байж ч болох юм. Гагцхүү зөв баярлаж асуудлуудаа мартах нь чухал. Архийг гавъяа шагнал авсан эсвэл гуниж гутарсан үедээ тохируулаад хүртчихнэ гэдэг тийм ч буруу зүйл биш. Харин өөрт нь огтхон ч хамааралгүй баяраар далимдуулж ууна гэдэг архинд донтох өвчинтэй холбоотой байх. Хоёр жил тутамд болдог хөлбөмбөгийн Дэлхий, Европын аварга шалгаруулах тэмцээнийг далимдуулж архиддаг хүмүүс олон болжээ. Зуны дэлгэр цагт болдог учраас сул чөлөөтэй талбай болгонд хөлбөмбөгийн фанатуудын асар байгуулагдаж, бүр Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас хүртэл цагийн хязгаарлалтыг цуцалдаг. Фанатуудын асарт хөлбөмбөг мэддэг, ойлгодог хэсэг нь уух идэхээ тохируулж гал гарсан тоглолтуудаас кайф аван суухад, зарим нэгэн далим үсэргэгчид бөмбөг авсан багийг нь дэмжээд орилолдоно. Ямар сайн даа л өнгөрсөн жилийн Аваргуудын лигийн финалд Английн Челси, Германы Байерн Мюнхентэй тоглох гэж байхад, нэлээн халсан нэгэн далим үсэргэгч Аргентиний шигшээг дэмжиж байгаагаа цэнхэр дэлгэцээр хээвнэг илэрхийлэхэв дээ. Тэрхүү далим үсэргэгч хөлбөмбөгийн клубын түвшний тэмцээнийг, тив дэлхийн аваргатай андуураад явж байгаа юм. Хэтийн зорилго нь ердөө л далим үсэргэж архи уух. Энэ мэтчилэн далим үсэргэх тохиолдол олон бий. Цагаан сараар хөл дээрээ тогтох тэнхэлгүй болчихоод айл хэсч уудаг үзэгдэл нэг үеэ бодвол багассан байна. Цагаан сар бол үндэсний уламжлалт, ахмадуудын, малчдын баяр. Гэтэл дунд сургуулиа төгссөн юм уу даа гэмээр хүүхдүүд ахмадуудын баяраар эвсэлдэн нэгдээд сархад зооглочихсон явж байх юм. Аав ээж нар айл хэсч архи уулаа гэж барьцдаг юм уу, эсвэл ахмадын баяр цагаан сар хүүхэд залууст зориулсан баяр болчихсон юм уу бүү мэд. Үүний дараа үхсэн ламын гэгддэг Валентин, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Цэргийн баяр болно. Эдгээр баяруудаар ёстой л нэг далим үсэргэж өгнө дөө. Валентинаар ганц бие залуус синглийнхээ баярыг хийж байна гэж далимдууна. Үүнийг нь дэмжиж байгаа гэлтэй шөнийн цэнгээний газрууд сингл парти хэмээх архидалтыг дэмжсэн шоу зохион байгуулна. Харин Мартын 8-наар эмэгтэйчүүдийгээ баярлуулах ёстой эрчүүд өөрсдөө ганхчихсан сугадуулаад явж байх жишээтэй. Цэргийн баяраар бол бүр хошин шог болно. Цэрэгт явах нь битгий хэл гэрээсээ долоо хоног ч холдож үзээгүй цэргийн баталгаатай хүн бүр далимдуулаад л баярлачихна. Тэгэхээр энэ архидалт гэдэг зүйл далимдуулалтаас л эхтэй. Бусдыг бодвол далимдуулалт багатай эх үрсийн баярын дараа дэлхийд ганцхан монгол наадмаараа дэнж хотойтол архидана. Энэ баяраар уг нь айргаа уугаад, хорхог боодгоо идээд, голын эрэг дээр гэр бүл, хамаатан садан, найз нөхөдтэйгөө амарвал сайхан. Манай улсад нутгархах, дов жалганы үзэл гэж нэг муухай юм бий. Өнгөрсөн жилийн наадмын үндэсний бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харъяат Аймгийн арслан П.Бүрэнтөгс түрүүлэхэд манай нутгийн бөх түрүүллээ гэж далимдуулан уугаа хүмүүс мэр сэр харагдсан. Болсон явдлаас сарын дараа Увс аймгийн Давст суманд ажлаар очиход нас биед хүрсэн бараг л бүх эрчүүд  нь согтуу байх жишээтэй. Яагаад нийтээрээ согтуу байгаа учир явдлыг асуутал манай сумын бөх улсын наадамд түрүүлсэн хэмээн хариулж байгаа юм. Ийнхүү том жижиг наадмууд үргэлжилсээр 9-р сарын нэгэнтэй золгоно. Гурван сар уулзаагүй ангийнхантайгаа нийлж  гурван сар ажиллаж олсон эсвэл зөв зохистой хэрэглээрэй гэж малчин аав ээж нь өгсөн мөнгийг 9-р сарын эхний долоо хоногт л үгүй болгоно. Өөрөөр хэлбэл ганц долоо хоногийн архидалтаар гурван сарын хэрэглээний мөнгөө сольчихож байгаа юм. Ингээд 70 мянгаа хүлээж дараагийн далимдуулатандаа бэлдэнэ. Их дээд сургуульд суралцаж байгаа нэг оюутан дунджаар 100 орчим танилтай гэж бодоход сард  дотных нь нөхрийн төрсөн өдөр зоолттой болж байгаа юм. Ийнхүү 70 мянгаа авлаа гэж нэг баярлана, өөрийн болон өрөөлийн төрсөн өдөрт оролцлоо гэж бас нэг баярлана. Угтаа бол хүн төрсөн өдрөөрөө амьдрал бэлэглэсэн аав, ээж хоёрыгоо баярлуулах ёстой шүү дээ. Гэтэл эсрэгээрээ төрсөн өдрөө цагаан саржуулж битүүн, шинийн 1,2,3 гээд л цаашаа хэдэн ч хүргэдэг юм бүү мэд, айхтар сунжирсан далимдуулалт болж өнгөрнө. Энэ мэтчилэн баяруудыг уух идэх шалтаг болгодгоо зарим нэг хүмүүс больчихмоор байгаа юм. Архидалт гэдэг нийгмийн сэтгэл зүйтэй холбоотой зүйл. Тиймээс баяр ёслол халамж тэтгэлэг харсан энэхүү гаж тогтолцоог халах цаг ирлээ залуусаа. Архи уухгүй байна гэдэг  хүний ухамсрын асуудал учраас та бүхэн огт амсдаггүй юм аа гэхэд ядаж тохируулаад хэрэглэж сураач гэж гуйх гэсэн юм. Залуус бид эх орныхоо ирээдүй. Хүн болгон математикч болох албагүй, гагцхүү эцэг эх болдог хэмээх алдарт үгийн адилаар бид үр хүүхдээ бодсон ч тэр, эх орныхоо хөгжил цэцэглэлтийг бодсон ч тэр, архинаас татгалзая гэж уриалмаар байна. Төр засгийг харж, бэлэнчлэх сэтгэлгээтэй суухаар өөрийнхөө төлөө өөрөө тэмцье. Бидний хамгийн эхний алхам бол архигүй амьдрал.

С.Батхуяг
Эх сурвалж: Залуучуудын үнэн сонин


 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш