logo
Барак Обама Израйль улсад айлчиллаа

Барак Обама Израйль улсад айлчиллаа

2013/03/21
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ойрхи Дорнодын улс орнуудаар хийх албан ёсны айлчлалаа Мягмар гаригт  эхлүүллээ. Уг  айлчлал нь түүнийг Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсоноос хойш хийж байгаа анхны айлчлал юм. Обамагийн айлчлал лалын ертөнцийнхний дунд нэлээдгүй эсэргүүцэлтэй тулгарч байгаа бөгөөд тэрээр хатуу чанга харуул хамгаалалтын доор Израйль, Палестины нутаг дэвсгэрээр зорчих юм. Албаныхны мэдээлж байгаагаар Сирийн дайн, Ираны цөмийн зэвсэг, Израйль, Палестины асуудлууд зэрэг нь Барак Обамагийн айлчлалын нэн тэргүүнд хэлэлцэх гол сэдэв болоод байна. Гэсэн ч Нэгдсэн улсын албаныхан Израйль, Палестины хооронд энх тайван байдлыг бий болгох гэсэн ноён Обамагийн хүсэл эрмэлзэл үр дүнд хүрнэ гэдэгт итгэлгүй байгаа ажээ. Тус хоёр улсын хоорондын гол маргаантай асуудал нь мэдээж газар нутаг болоод байгаа юм.  2010 оноос Палестинтай маргаантай байдаг нутаг дэвсгэр дээр Еврейчүүд орон сууц барьж олноороо суурьших болсон ньхөрш зэргэлдээ хоёр улсын хооронд хэл амаа ололцоход хүндрэл учраад байна. Гурван өдрийн айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч Барак Обама Израйлийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Палестины Ерөнхийлөгч  Махмуд Аббас нартай уулзана. Обамагаас өмнө өнгөрсөн 2-р сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Израйль улсад айлчилсан юм.  Ерөнхийлөгч Барак Обамагийн айлчлалын сургаар Мягмар гаригт Палестины эсэргүүцэгчид Рамалла болон Битлехем хотуудад цугларч Обамаг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн гутлаа шидэн, түүний зургийг улан доороо гишгэж байлаа.
Д.Амар
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш